М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээн өчигдөр Москва хотноо эхэллээ. Орос, Монгол, Хятад, Хорват, Герман зэрэг орны 167 залуу дуучин хоолойн чадал, ур ухаанаа уралдуулахаар хойд хөршийн нийслэлд цуглаад байна. Төгсгөлийн шат арванхоёрдугаар сарын 14-нд болно. Зэрэглэл, цар хүрээгээрээ П.И.Чайковскийн уралдаантэй эн тэнцэхүйц уг тэмцээн анх 1960 онд зохион байгуулагджээ. Харин 1991 оноос олон улсын хэмжээний болсон аж. Манай ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Ш.Наранчимэг, Г.Шижирболд, Ц.Арюна нар төгөлдөр хуурч, багш МУГЖ Б.Солонгын хамтаар уг тэмцээнд оролцож байна.
Т.Хулан