Цагдаагийн байгууллага нь 2010 оноос хойш “Гэр, орон сууц, эрүүл мэндийн асуудал, нийгмийн хамгаалал” хөтөлбөрийг хэрэгжүүлэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэй ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд байнга анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн билээ. Уг ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, орон сууцжуулах, нийгмийн асуудлыг дээшлүүлэх, хөдөлмөр аюулгүй байдлыг хангах талаар олон талт үйл ажиллагаа зохион байгуулаад байгаа юм. Үүний нэг нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажил аж.
Тиймээс Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран гудамж талбай, олон нийтийн газарт эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж буй 1600 цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамруулах ажлыг зохион байгуулжээ.
Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд туслалцаа үзүүлэн ажлыг Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Баянгол, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нартай хамтран хэрэгжүүлсэн байна.
Б.Чимэг