Өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж парламентын сэтгүүлчдийг хүлээн авч үдийн хоолоор дайлав. Төр засгийн үйлчилгээний “Элит” төвд болсон үдийн хоолонд Улсын Бага Хурал байхаас эхлэн 20 гаруй жил парламентын үйл ажиллагааг сурвалжилсан “Өнөөдөр” сонины сурвалжлагч И.Рэнчинханд тэргүүтэй 100 гаруй сэтгүүлч уригдан иржээ. Хоолонд нийслэл салат, зутан шөл, үхрийн махан стэйк, десэрт өгсөн байна. Мөн араас нь даруулах зуу зуун грамм цагаан архи бэлдэхээ ч мартсангүй. Хоолон дээр Ц.Шаравдорж дарга нэг баяртай мэдээ дуулгасан нь УИХ-ын Тамгын газар парламентын сэтгүүлчдэд олгох шагнал бий болгосон тухай байв. Жил бүр нэг хүнд сая төгрөг дагалдаж очих энэ шагналыг хууль батлах үйл явц, баталсан хуулийг сайн сурталчилсан (гэхдээ Ц.Шаравдорж дарга сурвалжлах гэж хэлсэн) сэтгүүлч хүртэх гэнэ. Гэхдээ журмаа боловсруулж албан ёсоор баталж амжаагүй байгаа тул энэ жилийн хувьд олгож чадахгүй, ирэх жилээс найдвартай гэж Ц.Шаравдорж амлажээ.