“Ice Top” хамтлагийн экс гишүүн Бадгаа буюу С.Бат-Отгон өнгөрсөн долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт Арабын иргэн 18 настай эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдон баривчлагдаад байгаа билээ. Шведийн хууль хяналтын байгууллага түүний хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн ч зэвсгийн чанартай зүйл буюу хүйтэн мэс хэрэглэж хүний амь хохироосон гэсэн үндэслэлээр 13 жилийн ял төлөвлөөд байгаа. Түүний гэм буруутай эсэхийг өнөөдөр хэлэлцэх юм. Харин шүүхийн шийдвэр тав хоногийн дараа гарна. Өмгөөлөгчөөр нь Араб хүн ажиллаж байгаа. Тэрээр эхэндээ араб өмгөөлөгчийг хүлээн зөвшөөрөхгүй “Араб хүнийхээ талд үйлчилнэ” хэмээн хардаж, татгалзаж байсан өмгөөллийн үйлчилгээ авч байгаа аж.
Хэргийг сөхвөл, С.Бат-Отгон энэ оны хоёрдугаар сард Шведэд очсон бөгөөд тус улсад цагаачлах виз хүсч, өргөдөл гаргаад хариуг нь хүлээж байхдаа хүн амины хэрэгт холбогдсон аж. Хохирогч залуу нь хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог хар арьст залуу байсан ба тэд хэрэг гардаг өдөр гудамжинд хамтдаа сагсан бөмбөг тоглож байжээ. Энэ үед хамт тоглож байсан араб залуучууд бөөнөөрөө дээрэлхэн зодож, яс үндсээр нь доромжилж, улмаар С.Бат-Отгоныг зодохоор дайрахад нь хоёр залууг хутгалсан байна. Хутгалуулсан залуус эмнэлэгт хүргэгдсэн боловч 18 настай Ребел Шариф гэгч шархаа даалгүй нас баржээ.
Б.Чимэг