
Өнөөдөр Октябрийн баярын өдөр. 1917 оны энэ өдөр ЗХУ-д ажилчин тариачны хувьсгал гарч засгийн эрхийг Владимир Ильич Ленин тэргүүтэй большевикууд авч байсан юм. Энэ өдрийг монголчууд өмнө нь орон даяар нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг байсан ч өнөөдөр мартагдсан баяруудын нэг болжээ.
Монголчууд хамгийн сүүлд энэ баярыг 1989 онд орон даяар тэмдэглэж байсан. Октябрийн баярын парадад жагсаагүй бол ажил тасалсанд тооцож, намын үүрийн товчооны хурлаар оруулж донгоддог байжээ. Лениний зурагтай лоозон, улаан тугтай төв талбайд жагсдаг байсан дурсамж олон хүний сэтгэлд үлдсэн байдаг.