
1. “Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар энэ оны гурван сард хар тамхины хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өөрийгөө шатаасан нь олон сар үргэлжилсэн дуулианыг эхлүүлсэн юм.
Тухайн үед галыг гадны нөлөөтэй хэмээн сенсаацилж байсан ч эцэстээ Баавар өөрийгөө шатаасан нь тогтоогдсон билээ. Түүнийг одоо ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хилээр гарахыг нь хориглосон хэдий ч тэрээр БНСУ-д хагалгаанд ороод байна.
2. Насанд хүрэгчдийн 2013 оны боксын ДАШТ-ий 64 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх тэмцэл буюу МУ-ын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хэрэг хоёрдугаарт нэрлэгдэж байна. Тэрээр энэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлдэг бөгөөд он гарснаас хойш бэлтгэл сургуулилтаа базааж байсан юм. Гэтэл тэмцээн ойртох мөчид Монголын боксын холбоо У.Мөнх-Эрдэнийг УАШТ-д түрүүлсэн З.Энхзоригтой сорил тулаан хийгээд ялсан тохиодолд явуулна гэснээр энэ хэрэг мандсан. Энэ шийдвэртэй санал нийлээгүй дасгалжуулагчид болон Гавъяат тамирчин маань үүнийг эсэргүүцэн сорилг хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан билээ. Гэсэн ч хүмүүс түүнийг айгаагүй л юм бол хийчих гэсэн байр суурьтай байснаас тэрээр тулаан хийхийг зөвшөөрсөн байдаг. Улмаар У.Мөнх-Эрдэнэ тулаанд ялж энэ тэмцээнд оролцсон бөгөөд манай улсаас хүртсэн ганц медалийг авчирснаараа бид бүхний бахархалт хүү болсон юм.

3. Эр нөхөр нь хэрэгт холбогдон хоригдож эд хөрөнгөө хураалгах дээрээ тулсан Гавъяат дуучин Т.Ариунаа энэ жагсаалтад яах аргагүй орно. Түүний нөхөр "Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндорж бусдаас их хэмжээний мөнгө залилсан, авлига өгсөн, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр цагдан хоригдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гавъяат эхлээд ийм зүйл болоогүй хэмээн үгүйсгэж байсан ч даамжирсаар хэрэг олон нийтэд ил болсон юм. Хамгийн сүүлд тэрээр өдөр тутмын нэгэн сонинд хэргийн тухай дэлгэрэнгүй ярилцлага өгч “Би нэгхэн сарын дотор хоёр хүүгийнхээ харц доошоо унахыг харлаа. Миний үс бууралтлаа. Би нойтон дэртэй хонож байна. Энэ бол хүний амьдрал шүү. Алддаггүй, онодоггүй хүн гэж байхгүй. Бид цөөхүүлээ. Битгий нэг нэгийгээ харгисла. Битгий хэлмэгдүүл. Би энийг л хүсч байна” хэмээн нэгэнтээ сэтгэлийн үгээ хэлж байсан билээ.
4. Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж зодоон цохион мөнгө төгрөг нэхэмжилсэн зэргээрээ жагсаалтад багтаж байна. Тэрээр өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “VLVT” бааранд “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөнтэй маргалдаж улмаар аварга маань хамраа нь муруйлгуулж, хацраа нь зүсүүлсэн билээ. Тухайн үед Д.Дагвардорж аварга “Намайг хүн ийм болгочихлоо” гээд уйлж орж ирсэн нь олны хайрыг давхар хүргээд амьжсан. Хэний буруу вэ гэдэг дээр хэвлэлүүд удтал таамаг дэвшүүлсэн бөгөөд хамгийн сүүлд аварга Б.Дөлгөөний ойр төрлийнх нь хүнийг доромжилсноос тэр хоёрын маргаан үүссэн гэсэн мэдээллийг өгчээ. Зодоон болсны дараа Д.Дагвадорж Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлээ тогтоолгон Б.Дөлгөөнөөс 10 сая ам.доллар нэхэмжлээд байгаа билээ.

5. Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "I Loft" бааранд буун дуу гарч, залуус хутга мэс хэрэглэн зодолдсон хэрэг гарсан. Цагдаа нар энэ хэргийг тайлбарлахдаа "Үл таних этгээд зэвсгийн чанартай зүйл гаргаж олон нийтийг бусниулаад зугтсан" гэж байсан бөгөөд энэ хэрэгт олны танил гэх зарим хүмүүсийн нэр ч холбогдоод авсан. Тухайлбал энэ хэрэгт “Киви” хамтлагийн Агий буюу П.Алтанцэцэгийг буруутгасан байдаг. Тодруулбал Х.Мэгддорж Агийгийн экс найз залуу хоёр хэн хэн нь түүнтэй хамт явах гэснээс болж хоорондоо буудалцсан гэсэн "шум" тарж нэг хэсэгтээ л Агий "буудалцаан зохион байгуулагч" гэсэн нэрийг зүүхэд хүрсэн юм. Тэрээр саяхан энэ хэрэгт няцаалт хийж тийм зүйл болоогүй тэнд байгаагүй гэдгээ мэдэгдсэн.
6. Хамгийн сүүлд цөөхөн хэдэн урлагийнхныг маань шуудайд хийсэн үхрийн эвэр лугаа хагаралдуулж орхисон Төрийн соёрхолт Д.Болдын хэрэг бичигдэж байна. Тэрээр оюуны өмчийн хулгайн хэрэгт сэрдэгдэж ихээхэн дуулиан тариад байгаа. Өнгөрсөн сард болсон “UBS music awards” наадмаас “Би дурламаар байна” клипээрээ “Шилдэг график дизайнтай клип” номинацийн шагналыг хүртсэн бөгөөд энэ клипийг хэд хэдэн дуу, клип, рекламаас хулгайлсан нь батлагдаж Төрийн соёрхолт дуучинг маань "Хулгайч" нэрийг зүүхэд хүргэсэн юм. Ичсэн хүн, хүн ална гэгчээр мань хүн шууд л клип хийсэн "DOZ" энтертаймент руу бүх бурууг чихээд өнгөрөхийг оролдсон боловч энэ нь бусдад буруугаа нялзаах гэсэн башир арга хэмээн олны дургүйцлийг хүргээд авсан. Энэ бүхэнтэй зэрэгцэн түүнийг Оюуны өмчийн газар болон ШӨХТГ-т өгч шалгуулах талаар яригдаж эхэлсэн ч хэн нэгэн гомдол гаргаагүй нөхцөлд шалгах үндэслэлгүй гэдгийг хэлж байсан. Бас болоогүй элэг нэгтнүүд түүнийг ольж Дэлхийн оюуны өмчийн байгууллагад шалгуулахаар болсон тухай дуулдаж байсан юм.
Сэтгэгдэл (8)