
Замын-Үүдийн боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлсийг хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлж, улмаар Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэгний үйлчилгээний өрөөнд 131 ширхэг тарваганы, 11 ширхэг үнэгний, дөрвөн ширхэг хярсны арьсыг нуусан байсныг тогтоожээ гэх мэдээллийг хүргэж байсан. Мөн тухайн хэргийг шалгахад тус галт тэрэгний үйлчлэгч М.Агиймаа, Д.Эрдэнэчимэг нар дээрх арьснуудыг нуун хилээр нэвтрүүлэхийг завдсан тухай ч мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Гаалийн Ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад "Хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенциор агнаж устгахыг хориглосон ан амьтны гаралтай арьс, үсийг улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсаар байна. Мөн ийм төрлийн хууль бус үйлдлийг зарим нэг албан тушаалтан өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж үйлдэхийг завдсан нь тогтоогдсон. Тухайлбал, Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд явж байсан 612-р галт тэргэнд өнгөрсөн сарын сүүлээр ГЕГ-ын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн шалган нэвтрүүлэх боомтын албан хаагчдын хамтарсан, эрсдэлд суурилсан шалгалт хийх явцад тус галт тэрэгний вагоны дарга болон, үйлчлэгчийн өрөөнөөс улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нуун далдалсан тарвагны арьс 131 ширхэг, үнэгний арьс 11 ширхэг, хярсны арьс 4 ширхэгийг илрүүллээ. Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)