
Олон сар удирдлагын маргаантай явсан Гэмтэл, согог судлалын үндэсний төв одоо л нэг захиралтай болох нь. Өмнө нь томилогдсон захирлуудаа эсэргүүцэн ажилтнууд нь ажлаа хүртэл хаяж байсан энэ төвийн захирлын сонгон шалгаруулалт өнөөдөр болохоор болжээ. Уг сонгон шалгаруулалтад оролцохоор зургаан иргэн материалаа явуулсан ч шаардлага хангасан ганцхан хүн байсан нь А.Мөнхтайван гэдэг эмч аж. Харин олон сарын турш эмнэлгийн эмч, ажилтнуудын эсэргүүцсээр ирсэн Ц.Энхбаяр уг шалгаруулалтад оролцохгүй юм байна. Гэвч тус төвийн эмч нар сонгон шалгаруулалтад тэнцсэн А.Мөнхтайванд итгэл хүлээлгэн хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд байна.
Харин А.Мөнхтайваныг хуурамч дипломтойгоор ГССҮТ-д шургалах гэж байна гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэлжээ. Уг асуудлыг салбар хариуцсан яамнаас хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Т.Энхэлээ