Европын холбоог 60 жил дайнгүй байсных нь төлөө өнгөрсөн онд
Нобелийн энх тайвны шагнал гардуулсан билээ. Гэтэл Украинд буу дуу
гарсан нь Европын холбоо, дэлхий нийтэд хэрхэн нөлөөлөх бол? Украины
хямралыг улс төрчид биш судлаачид тайлбарлан дүгнэж байна.

Чикагогийн их
сургуулийн улс төрийн шинжлэх ухааны дэд профессор Станислов Маркус 35
жилийн өмнө ЗХУ Афганистанд түрэмгийлсэнтэй адил үйлдэл хийлээ хэмээн
тайлбарлав. Тэрээр Барууныхны эдийн засгийн хориг нь газрын тосноос
орлогынхоо дийлэнх хувийг бүрдүүлдэг Орос улсад төдийлөн нөлөө үзүүлж
чадахгүй харин ч В.Путины нэр хүндийг өсгөнө гэж үзэж байгаа юм.


ОХУ-ын
цэргийн түрэмгийлэл, АНУ-ын хөндлөнгийн оролцооны цаана Евразийн
байгалийн хийн гол дамжуулагч Украинд нөлөөллөө тогтоох гэсэн тэмцэл
өрнөж байна хэмээн судлаачид үздэг. Украин бол 42 триллион куб метр
занарын хийн нөөцтэй Европын гурав дахь том байгалийн хийн баялагтай улс
юм. Германы эдийн засагч Морган Стэнли Оросын байгалийн хийн экспорт
буурвал дэлхийн худалдааны эргэлт саарна гэж тайлбарлажээ. Евро бүсийн
шууд хөрөнгө оруулалтын орлогын багагүй хувийг бүрдүүлдэг
Орос улс Украины хямралтай холбоотойгоор байгалийн хийн экспортоо хумьж
эхэлсэн нь Европын эдийн засгийг эмзэг болгож байна гэж тэрээр үзжээ.

Судлаач
Жеорж Паркер Украины хямралыг дэлхийн супер хүчтэнүүдийг үзэл бодлоор нь хуваасан халуун
дайн хэмээн тодорхойлжээ. Украины эмх замбаараагүй хямрал нь хүйтэн
дайны үеийнх шиг дэлхий нийтийг хоёр туйлд хуваах боломжгүй гэж үзэж
байна. В.Путин Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад
амьдарч буй 21 сая Орос хэлтнээр далимдуулан хүйтэн дайны хэв маягаар
түрэмгийлж байгаа гэв. Сирийн Башар Ассадыг өөрийнхөө талд оруулсан
В.Путиныг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн Хятад улс буруушаасангүй.
Учир нь Хятад улс Түвдийн салан тусгаарлагчдыг өөртөө хүчээр
нэгтгэдэг юм.
Украины хямрал
Европыг баруун, зүүн туйлд хувааж магадгүй хэмээн Стивен Бланк хэлжээ.
Тэрээр Крым бол зөвхөн эхлэл гэж хэлсэн юм.
Сэтгэгдэл (2)