
Он гарсаар цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэргийн цахим сүлжээнд иргэдийг залилах нэр хүндэд халдах төрлийн 30 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Ерөнхийдөө энэ гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан багагүй арга хэмжээг авсан. Үүний үр дүнд сүүлийн үед энэ гэмт хэрэгт хохирч буй иргэдийн тоо багагссан мэдээтэй байна. Иргэдийг хохироогоод байгаа арга нь хүмүүс фэйсүбүүк, твиттер зэрэг социол сайтад гадны хэн нэгэнтэй дотно харьцаа үүсгээд өөрийнхөө зурган буюу файл хэлбэрийн мэдээллийг хэт дэлгэрэнгүй өгсөнөөр тухайн мэдээллүүдийг нь гэмт этгээд ашиглан залилан хийх, бусдын нэр хүндэд халдах төрлийн аргаар иргэдийг хохироогоод байна. Тиймээс иргэд энэ талаар анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Хэн нэгэнтэй хэт дотно харьцаатай биш л бол интернет орчинд өөрийнхөө талын мэдээллийг дэлгэрэнгүй өгөхгүй байх тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Нөгөөтэйгүүр дэлхийн нэр хүнд бүхий том компани, брэндүүдийн нэрийг барьж залилдаг аргууд байдаг. Тухайлбал, Кока кола, Тоёото зэрэг брэндүүдийн энэ улирлын азтан боллоо. Энэ бэлгээ авахын тулд та тодорхой хэмжээний хувийг энэ дансанд хийнэ үү хэмээн хуурамч данс өгч иргэдийг залилсан ийм мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгсэн. Түүнчлэн, том компаниудын захирлуудыг нэрийг барьж залилдаг болсон. Харин иргэдийн хохирлыг төлүүлсэн зүйл одоогоор байхгүй байна. Тиймээс иргэд өөрсдөө хохирохгүйн тулд аюулгүй байдлаа хангах шаардлагатай" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/