Оюу Толгойн ил уурхайн шингэн тэсрэх бодисын түр үйлдвэрт гал гарсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн билээ. Энэ мэдээллийн дагуу Оюу Толгой ХХК-аас мэдээлэл хийлээ.Тус компанийн хэвлэлийн албаны хэлж буйгаар бага хэмжээний гал гарсан болохоос зарим нэг хэвлэлд бичигдсэн шиг дэлбэрэлт болоогүй гэнэ. Мөн галд өртөж гэмтсэн хүн байхгүй байгаа юм байна. Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан бөгөөд байшингийн тааз шатсанаас өөр хохирол учраагүй аж. Гал гарсан шингэн тэсрэх бодисын түр үйлдвэр нь уурхайн ажилчдын амьдрах хэсгээс 5 км-ийн зайтай оршдог бөгөөд уурхайн талбайгаас бүрэн тусгаарлагдсан аж. Одоогийн байдлаар тус компанийн онцгой байдлын баг болон аюулгүй байдлын хэлтэс гал гарсан газар дээр ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн эргэн тойрон дахь 2,5 км зайд хамгаалалт гарган тусгаарлалт хийсэн байна. Мөн нөхцөл байдал бүрэн аюулгүй болох хүртэл тухайн бүсэд хүн нэвтрэхийг бүрэн хоригложээ. Галын улмаас үйлдвэрлэлийг товлосон хугацаанд эхлүүлэхэд ямар нэгэн хүндрэл учрахгүй гэж Оюу Толгой компанийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Оюу Толгой дахь ил уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний гол бодис нь ANFO (Ammonium Nitrate Fuel Oil) буюу аммоны нитратын түлш бөгөөд энэхүү бодисыг шатахуун болон нунтаг бодисыг (аммоны нитрат) холих замаар гарган авдаг. ANFO бодис нь АНУ-ын уурхайнуудад ашиглаж буй нийт тэсрэх бодисын 80 гаруй хувийг эзэлдэг. Уурхайд ашиглах тэсэлгээний уг бодисыг бэлтгэх ажлыг өндөр мэргэжилтэй, тусгайлан сургагдсан ажилтнууд гүйцэтгэдэг бөгөөд уусмалын үйлдвэрийн орчин тойронд аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг гэнэ.
Т.Хулан