Сүүлийн үед бусдын сонор сэрэмжгүй байдлыг ашиглан, эд зүйлийг нь хулгайлах гэмт хэрэг тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах “Гэрэл” үсчин дотор мөнгөө алдлаа гэсэн мэдээллийг шалгахад, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 54 настай эрэгтэй Л-ыг үйлчлүүлж байхад нь тус газрын үсчин Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн 22 настай эрэгтэй Г мөнгийг нь хулгайлсан байжээ. Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах Нуурын 7-76 тоотод байрлах агуулахаас эд зүйл алдагдлаа гэсэн мэдээллийг шалгахад, Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч “Мөнхжиндмэн” ХК-д ачигч ажилтай 32 настай М нь тус компанийн агуулахаас хөлдөөгч гурван ширхэг, угаалгын машин арвыг хулгайлан авч байгаад хохирогчид баригдсаныг тогтоосон байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг