Өнгөрсөн оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг, Шархадны гэр хорооллын орчимд машин унах хүсэлдээ хөтлөгдөн, 20 настай охиныг хөнөөж, цогцсыг шатаасан хэрэг гарсан билээ. Уг хэргийг 16 настай Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нар үйлдсэн юм. Тэдний энэ үйлдэлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд Баянзүрх шүүхээс тус тус 15 жилийн хорих ял оноосон. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.15, 153.1 гэсэн зүйл ангиар буруутгаж ялласан юм. Гэвч шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд гомдол гаргаснаар, гомдлыг яг одоо хэлэлцэж байна. Хуралд улсын яллагчаар Г.Мичиддорж, өмгөөлөгчөөр Г.Хишигжаргал, Б.Ганбаатар, Б.Баясгалан, илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од нар оролцож байгаа юм. Хурлын өмнө Э.Ууганбаярын өмгөөлөгч Б.Ганбаатараас дараах зүйлийг тодрууллаа.
-Ямар учраас Нийслэлийн шүүхэд гомдол гаргах болов?
-Миний үйлчлүүлэгч Э.Ууганбаярт оноосон ялыг хүндэдсэн хэмээн үзэж байгаа. Тийм учраас гомдол гаргасан.
-Тэгэхээр анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан гэсэн үг үү?
-Тэгэж хэлээгүй. Гэхдээ Э.Ууганбаярын хэрэгт гар бие оролцсон эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байдаг. Тиймээс хэргийг дахин шүүлгүүлэх гэж байна.
-Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл яах вэ?
-Хяналтын шатны шүүх буюу дээд шүүхэд хандана. Тэгээд Дээд шүүхээс ямар шийдвэр гарахыг хүлээнэ. Дээд шүүхээс ч мөн адил ялыг хэвээр үлдээвэл шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ дээ.
Улсын яллагч Г.Мижиддорж
-Э.Ууганбаярыг хэрэгт гар бие оролцоогүй хэмээн давж заалдсан байна. Энэ талаар таны байр суурь?
-Мэдээж би хавтаст хэрэгтээ танилцаж, хэрэг хийсэн учраас ялласан байгаа.
-Тэгвэл энэ шүүх хуралд та ямар байр суурьтай оролцож байна вэ?
-Мэдээж яллах байр суурьтай. Анхан шатны шүүхээс ялыг өгсөн хэвээр үлдээхээр оролцоно.
Б.Чимэг