Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон дахь Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Саранбаатарыг ажлаас нь халжээ. Учир нь түүний ажилчиддаа хууль бус тушаал өгч, үүний улмаас хүний амь хохирсон гэж буруутгасан сурагтай. Энэ оны есдүгээр сарын 11-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн сурагч Ц гэх охин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн “Hyundai Elentra” маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашинд мөргүүлж амиа алдсан юм. Уг машины жолооч Н.Ууганбаатар тухайн үед дуут дохиогоо асаан урсгал сөрөн явж байгаад ийм хэрэг үйлдсэн байдаг. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэр “Хэсгийн дарга дохиогоо асааж, урсгал сөрөөд яв гэж үүрэг өгсний дагуу замын чөлөөтэй хэсгээр зорчиж байтал гэнэт хүүхэд гарч ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн аж. Хошууч Саранбаатар ч ЦЕГ- ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхандаа урсгал сөрөх үүрэг жолоочдоо өгснөө тайлбарласан юм байх.Эх сурвалжийн хэлж буйгаар осол гарах үед Хөтөлийн Цагдаагийн хэсгийн дарга машиндаа сууж яваад хүүхэд мөргөмөгц нь машинаасаа бууж, жолоочоо орхин явсан юм байна. Тиймээс ЦЕГ-ын даргын тушаалаар дээрх шийдвэрийг гаргасан аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































