Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 38 настай А эхнэрээ багалзуурдан зодож, улмаар хоёр сартай охиноо шатаана хэмээн танхайрсан үйлдэл гаргажээ. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах албанаас шалгаж дууссан байна.
Иргэн А нь таван удаагийн ял шийтгэлтэй нэгэн байжээ. Тэрээр 2009 оны дөрөвдүгээр сарын 1-нд нэг жил, таван сар, 26 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэнгээр суллагдсан байна.
А нь өнгөрсөн гуравдугаар сард эхнэртэй агсам тавьж, хоёр сартай охин Я-г өлгийгөөр нь хоолойг нь боож савчин шатаана хэмээн танхайрсан. Мөн маргааш өдөр нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ төрсөн эгч М-ийн гэрт шалтгаангүйгээр агсам тавьж, гэрийг нь шатаана хэмээн мод овоолон асааж, гэрийн хулдаас эд зүйлийг нь түлжээ. Улмаар М-ийн үснээс зулгаан зодож, сэрээг зэвсгийн чанартай ашиглан ална хэмээн чичрэн дайрч танхайрсан байна.
Эдгээр үйлдэлд нь БЗД-ийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 152 дугаар зүйлийн 152.2-оор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Шүүх түүнийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцож, зургаан жил чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Чимэг