Засгаас
оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон билээ. Нийтдээ 160 гаруй
мянган оюутанд 100 гаруй тэрбум төгрөгийг өгөхөөр төсөвт тусгасан. Харин энэ
шийдвэрийг МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн оюутнууд эсэргүүцэж байна. Учир нь оюутан бүхэнд олгож байгаа энэхүү 70 мянган төгрөгөөр 20
гаруй мянган жижиг үйлдвэрийг бий болгох боломжоос эхлээд сүүлийн хэдэн жил
буурахгүй байгаа ядуурлын түвшинг 40% бууруулах боломж байгаа гэнэ. Тийм учраас
инфляцийг хөөрөгдөлд оруулахгүйгээр, эх орноо хөгжүүлэх, өөрсдийн ирээдүйн
амьдралаа баталгаажуулах бүтээн байгуулалтанд тус мөнгийг зарцуулах санааг
эдгээр оюутнууд санаачилсан байна. Оюутнуудын
санаачлагыг дэмжиж МУИС-ийн 100 гаруй оюутан гарын үсгээ зурсан байна. Мөн
оюутнуудын дунд 70 мянган төгрөгийг юунд зарцуулах вэ? гэсэн судалгааг авч үзэхэд
нийт оюутнуудын 17 хувь нь боловсролдоо,
28 хувь нь ирээдүйн хуримтлалд, 22 хувь нь автобус унаа, хэрэглээндээ гэж
хариулсан байна. Мөн 21 хувь нь тараагдаж буй тус мөнгө нь оюутнуудыг
бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, инфляцийг хөөргөж байна, 8.5 хувь нь оюутнуудын
дунд архидалтыг өсгөх хандлагатай гэж хариулсан байна. 150 мянган оюутны 70
хувь нь 70 мянган төгрөө нийлүүлбэл 47,77 тэрбум төгрөг цуглах боломжтой байгаа
юм байна. Ингэсний дараагаар төслөө сонгож ажлаа эхлүүлээд боловсруулах
үйлдвэрлэлд 2 чиглэлээр хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. МУИС-ийн эдийн
засгийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд 70 мянган төгрөгөөрөө ямар салбарт
хөрөнгө оруулж, хэрхэн ажиллах талаараа ийнхүү ярьж байна.
Г.Одмаа: 70 мянган төгрөг бэлнээр тараагдвал инфляци 20 хувьд ч хүрч магадгүй
70 мянган төгрөгийг оюутнуудад тарааснаар мөнгөний нийлүүлэлт тодорхой хэмжээгээр өснө. Үүнийг дагаад инфляци өсөх нь ойлгомжтой. Одоогийн байдлаар инфляци 14.7 хувьд хүрээд байна. Бидний тооцоолсноор инфляци 20 хувьд ч хүрч магадгүй. Хэрвээ инфляци 20 хувьд хүрэх юм бол оюутанд ирж буй 70 мянган төгрөг тухайн үед 56 мянган төгрөг болж үнэ цэнээ алдана. Харин оюутан 70 мянган төгрөгөө экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулвал цаашид энэ мөнгөө аривжуулж түүнээсээ үр ашиг хүртэх боломжтой болж байгаа. Оюутнууд 70 мянгөн төгрөгөө боловсруулах үйлдвэрт оруулна. Эргээд тэр мөнгө нь бидэнд хувьцаа хэлбэрээр ирнэ гэж бодож байгаа.
Б.Хуншагай: Хөрөнгө оруулалтын мөнгө эргээд эзэддээ ашгаа
өгдөг
Монгол улс бол ихэнхи хэрэглээгээ гаднаас авдаг. Иймээс хөгжлийн сангаас олгож байгаа мөнгө үндэсний үйлдвэрлэл биш гадны үйлдвэрлэлийг дэмжээд байна. Хүний хөгжлийн сангаас олгогдож байгаа энэхүү мөнгөө бүтээн байгуулалтанд зарцуулах нь зүйтэй гэж бодож байна. Ард иргэдийнхээ хүчээр эдийн засгаа сэргээж чадсан олон орон байдаг. Жишээлбэл 1862 онд АНУ ард иргэдийнхээ хүчээр төмөр замаа барьж чадсан. Үүний үр дүнд АНУ төмөр замаа иргэдийнхээ өмч болгоод ард түмэн нь тус төмөр замын хувь нийлүүлэгч болж чадсан юм. Залуусын хүчээр үүнийг хийж бүтээж чадна гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалтын мөнгө нь эргэж эзэддээ ашиг өгөөжөө өгдөг.
МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн багш Л.Оюун: Оюутнуудынхаа
саналыг дэмжиж байгаа
МУИС-ийн эдийн
засгийн сургууль нь 2600 оюутантай. Оюутнуудынхаа энэ санлыг захирлынхаа
зөвлөлөөр сонссон. Оюутнууд урьд нь авч байгаагүй 70 мянган төгрөгийг одоо авч
байна. Энэ мөнгийг үнэ цэнэ нь алдах юманд зарцуулж байхаар үнэ цэнэтэй юманд зарцуулъя
гэсэн санаачилж байгаа оюутнуудаа дэмжиж байгаа. Оюутнууд жижиг дунд үйлдвэрт
энэ мөнгөө зарцуулах уу эсвэл боловсруулах үйлдвэрт зарцуулах уу гэж маргасан
юм байна лээ. Тэгсэн жижиг дунд үйлдвэрт төсвөөс мөнгө гаргаад өгсөн угаасаа тэрүүгээрээ
хөгжинө. Дээрээс нь энэ цуглуулсан мөнгийг жижиг дунд үйлдвэрт өгнө гэхээр
хэний хэдэн төгрөгийн ямар жижиг дунд үйлдвэрт өгөх вэ гэдэг асуудал их хэцүү.
Тэгэхээр бүх мөнгөө нийлүүлж байгаад нэг том чухал үйлдвэрт өгөөд хувьцаа
эзэмшүүлээд чинээлэг хөрөнгөтэй болох эхлэлээ тавих хэрэгтэй л дээ.
Т.Хулан