Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын зургаан сайдыг “Бүрэн эрхийн хугацаа чинь дуусаагүй байхад ажлаа
хийцгээ” хэмээн загнаад өрөөнөөс гаргажээ. Харин МАН-ын суудал горилсон
нэр дэвшигчдийг “Та нар юундаа яарсан юм, нэг л их яарсан хүмүүс байх
юм” гэж зандарсан аж.

Шинэ зургаан сайдыг МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд санал хураан тодруулж, нэрсийг нь ерөнхийлөгчид өргөн барьсан. Өчигдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайдын томилгооны талаар МАН-ын дарга С.Батболдыг дуудан уулзаж шинээр томилох гэж буй хоёр сайд санаанд нь нийцэхгүй байгаагаа илэрхийлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгч, ерөнхий сайд, АН-ын зургаан сайд, МАН-ын сайдын суудалд товлогдогсод нүүр тулан уулзав. Энэ үеэр ерөнхийлөгч өөрийн байр суурийг тов тодорхой илэрхийлж дургүйцжээ. Тэрбээр АН-ын зургаан сайдыг “Бүрэн эрхийн хугацаа чинь дуусаагүй байхад ажлаа хийцгээ” хэмээн загнаад өрөөнөөс гаргажээ. Харин МАН-ын суудал горилсон нэр дэвшигчдийг “Та нар юундаа яарсан юм, нэг л их яарсан хүмүүс байх юм” гэж зандарсан аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүмүүс над руу наад Д.Хаянхярваа, Ц.Дашдорж хоёроо болиоч гээд утасдаад байна” хэмээн ундууцсан байна. Тиймээс өчигдөр орой ерөнхий сайдтай уулзахдаа сайд болгохоос татгалзаж байсан хүмүүс нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж нар болох нь тодорхой болов. МАН-ын нөхөд ерөнхий сайдтайгаа ерөнхийлөгчийн үгийг үл ойшоон томилгоондоо өөрчлөлт оруулах янзгүй байсан. Тиймээс ерөнхийлөгч ажлаа өгөх гэсэн, ажлаа авах гэсэн хүмүүсийн аль алинд нь нэлээд хатуу үг хэлсэн гэнэ. Уг нь ерөнхий сайд С.Батболд өнөөдөр УИХ-ын даргад хандаж байнгын хороодыг хуралдуулахаар зэхэж байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнт дургүйцлээ илэрхийлсэн болохоор шинэ сайд нарын томилгоонд гацаа үүсэх бололтой. МАН-ын зүгээс дахин хэн хэний нэрийг шинээр гаргаж ирэх, тэгээгүй тохиолдолд ерөнхийлөгч ямар нүүдэл хийх нь улс төрийн тогооны ойрын өдрүүдийн онц чухал бас сонирхууштай тоглолт болох нь ээ.
Б.Баяр