Дэлхий даяар олон сая хэрэглэгчтэй "Wikipedia" цахим нэвтэрхий толь өнөөдөр 24 цагийн турш ажил хаялт зарлаж байна. АНУ-ын конгрессын батлах гэж буй Онлайн орчны хулгайчидтай тэмцэх тухай хууль /SOPA/-аар тус сайтын мэдээллийг үзэхийн тулд хэрэглэгчид заавал төлбөр төлөх ёстой болох юм. Интернэтийн орчинд мэдээллийг мөнгөөр худалдаж авах хүн тун цөөн тул "Wikipedia" сайтын хэрэглэгчид эрс буурна гэж үзсэн байна. Сайтын эхлэх хуудас дээр "Арван хэдэн жилийн турш бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том, өргөн хүрээний тайлбар толийг байгуулах гэж сая сая цаг зарцуулсан. АНУ-ын конгрессын гаргах гэж байгаа хууль нь чөлөөт, нээлттэй цахим ертөнцөд маш их хохирол авчрах болно. Дохио болгож бид 24 цаг сайтаа хааж байна" хэмээн бичжээ. Тэдний тэмцлийг “Yahoo”, “Mozilla”, “Facebook”, “Twitter”, “eBay”, “Google” зэрэг цахим ертөнцийн томоохон компаниуд дэмжиж байгаа юм.

Б.Баяр
