Сүүлийн үед нийслэлд бусдыг дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа. Тухайлбал, өнгөрсөн хоногт нийслэлд дээрмийн хоёр хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд орших 157 дугаар цэцэрлэгийн манаачийг хүлэн эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг цэцэрлэгийн манаачаар ажилладаг Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн Ц-ийг ажил дээрээ байхад нь цэцэрлэгийн цонхыг хагалан, бараан хувцастай үл таних хоёр залуу орж, цахилгааны утсаар түүнийг хүлсэн байна. Улмаар Скайтелийн гар утас, 90.000 төгрөгийг нь авсан байна. Мөн цэцэрлэгийн эрхлэгч С-ийн өрөөнөөс хар өнгийн пасктай 100 ам доллар, 200 юань, алтан бөгж хоёр ширхэг, алтан гинж, зүүлт, монетон ээмэг нэг хос, мөнгөн аралтай эмэгтэй хүний ширэн бүс зэрэг эд зүйлийг авч явсан байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг