Манай улс 2011 оноос хойш эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал руу алгуур гулсаж байна. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрыг эдийн засгийн хямралын буруутнаар зарлан огцруулж, Шийдлийн Засгийн газар байгуулсан. Гэвч ам.долларын ханш 1900-д шүргэж, улсын төсвийн цоорхой нэг их наяд төгрөгөөр хэмжигдэж буй тухай ам амандаа шуугиж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хараатай явж ирсэн манай эдийн засаг, гадаад зах зээл дээр өсөх зэс, нүүрсний үнэд хэт дулдуйдах бус дотооддоо бий болгох томоохон төсөл хөтөлбөрүүд рүү анхаарах цаг болсон юм шиг...Дэлхий Монгол руу анхаарал хандуулж байхад бид өөрсдөө ямар ч бэлтгэлгүй, “үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай” дотроо бужигнах юм. Өнгөрсөн хавар “давхар дээл”-ийг тайлахаас эхэлсэн улстөрийн бужигнаан хөрөнгө оруулагчдад тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож, энэ нь даамжирсаар намар нь Засгийн газраа унагаж, төрийн үйл ажиллагаа 2 сар гаран гацаатай байлаа. Дөнгөж байгуулагдсан Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын “шийдэл”-ийг гадны хөрөнгө оруулагчид чих тавин ажиглаж буй. Ерөнхий сайдын анхаарал хандуулах асуудал ч түүний гурвантаа тодотгосноор “Эдийн засаг” байх нь.
Үндсэндээ Монгол улс руу хандах гадны хөрөнгө оруулалт, түүгээр барьж байгуулах том бүтээн байгуулалтууд л ойрын хугацаанд Монголын эдийн засгийг аварна. Юуны өмнө Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн тавантолгойгоо ашигтай ажиллуулах асуудал улстөрчдийн дунд ид яригдаж байгаа.
Энэ онд хөрш орнуудын төрийн тэргүүн нар манай улсад айлчлан ирж “Талын зам” төслийн талаар эхний яриа хэлцэл хийгээд явлаа. Ази-Европыг холбосон, Сибирийн их баялагийг Хятад болоод Ази руу тээвэрлэх хамгийн дөт зам бол Монгол гэдгийг дахин тодотгоод явсан. Харин бид үүнд хэр бэлэн байгаа билээ?
Хэдэн жилийн өмнөөс Чингис Лэнд Девелопмент Групп гэх үндэсний том групп Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэлд 1000 км хурдны авто зам барих тухай хэвлэл мэдээллээр мэр сэр мэдээ тавигдаж, Засгийн газартай концессийн гэрээ байгуулсан, удахгүй замын нээлт эхлэнэ гэх мэдээ чих дэлсэж байсныг сонирхон холбогдох төрийн байгууллагуудаас тодруулсан юм. Чингис Лэнд Девелопмент группын хурдны замын төслын бүтээн байгуулалт 2015 оны хавраас эхлэхээр төлөвлөж байгаа юм байна. Уг төслийн нийт өртөг 12 тэрбум төгрөг гэх бөгөөд Монголд хийгдэж буй урьд хожид байгаагүй том бүтээн байгуулалт болно, энэ замыг дагаад 4-5 дагуул хот бий болж, тэнд аялал жуулчлалын том төвүүд, зочид буудлууд, худалдаа, ложистик, тээврийн томоохон төвүүд баригдаж, олон мянган хүн ажлын байр төдийгүй амьдрах сайхан байртай болно гэж албаны хүн ярилаа.
Манай улсын хувьд хурдны зам барих туршлага байхгүй, мөн хурдны замын стандарт үгүй тул төрийн холбогдох байгууллагад үүнд анхаарал хандуулж байгаа юм байна. Хурдны замын бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгч компанийг сонгохдоо олон улсын нээлттэй тендэр зарлах бөгөөд одоогоор ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах сонирхолоо олон улсын 20 гаруй том корпорациуд илэрхийлээд байгаа гэнэ. Гуравхан жилийн дотор барьж ашиглалтад оруулахын тулд 500 саяас 1 тэрбум ам.долларын тендэрийн баталгаа гаргах чадавхитай компаниудыг гүйцэтгэгчээр сонгох гэх мэт өндөр шаардлагыг тендэр шалгаруулалтад тавих аж. Энэхүү хурдны зам нь 2 урсгалтай, 6 эгнээтэй зам байх бөгөөд олон улсын авто замын С1 зэрэглэлийн стандартаар барих юм байна.
Ямартай ч энэ мэтээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхэлснээр Монголд ам.долларын ханш тогтворжоод зогсохгүй, манай улсын эдийн засагт дорвитой өсөлтийг бий болгож, зам барилга, тээвэр, худалдааны салбарт эрс шинэчлэлийг авч ирэх болно гэж холбогдох албаны хүн мэдээллээ. Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэлийн хурдны зам нь “Талын зам”-ын 5 төслийн зөвхөн нэг нь бөгөөд хоёр хөрш орны худалдаа эдийн засагт түлхэц өгөх бусад төслүүд рүү нь ч цаг алдалгүй орж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өрнүүлэх хэрэгтэй тухай мөн ярьлаа.
Т.Наран


























































Сэтгэгдэл (1)