Төр нь сайдаа зөв сонгохгүй, сонгогдсон сайд нь нь салбараа анхаардаггүй, салбар нь иргэдээ анхаардаггүй сонин шатлалтай салбар юу вэ? Гэсэн асуултанд хүн бүр өөр өөр хариулт хэлэх байх.
-Фельетон-

Манай эрүүл мэндийн салбар хаана чагнуурдаад явна вэ?
СХД-ийн 18 дугаар хорооны иргэн С.Батболдын гомдол:
Миний бие хорлогдсон бөлгөө. Яг хэн хаан хэнүүст хорлогдсон шиг. Уул шугамандаа эмч, эрүүл мэндийн ажилтан гэдэг мэргэжил нийгэмд илүүдэлтэйд тооцогддог гэж дуулсан. Тийм олон хүн байдаг юм бол шилж сонгож ажиллуулмаар юм. Эмийн санч хүнийг ухаан мэдлэгээр нь сонгодог юм уу, урт сайхан хөлтэй, уужим сайхан ташаатайгаар нь шалгаруулдаг юм уу. Уржигдар орой толгой өвдөөд байхаар нь нэг эмийн сан руу орж толгойны эм авлаа гэсэн чинь туулганы эм өгчихсөн байх юм. Давхарлаад уугаарай гэж нэмж зөвлөснийг нь яана. Тэгсэн бүр алах шахлаа. Маргааш нь ажил дээрээ баавгай.
БЗД-ийн 1 хорооны иргэн Д.Оюунхоролын гомдол:
Өчигдөр манай 19-тэй нялх, ач хүүгийн минь шүд өвдхөөр дагуулаад дүүргийн эмнэлэг орлоо. Манай дүүргийн эмнэлэг сайхан сэлүүхэн суудаг юм байна. Гэтэл эм тариа, техник технологи нь хуучны юм гэнэ. Та бүхэн төв эмнэлэгүүдээсээ материал, техник, эмч боловсон хүчин өгч болдоггүй юм уу, судас тариа хийх гэж байгаа оюутан охин бололтой хөгшин 60 гарч яваа надаас илүү салганах юм. Тэгээд чадахгүй болохоороо ч юм уу, бантсан даа ч юм уу нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэг рүү яв гэх юм. Тушаалын дагуу гүйцэтгэн нөгөөх эмнэлэгүүд рүү нь очихоор долоон сарын нэгэн аятай бөөн хүмүүс очерт дарагдсан байх юм. Тал эмч нараа дагалдах юмнуудтай нь дүүргийн эмнэлэг рүүгээ явуулчихвал тэр очер хүртэл багасмаар л юм. Эрхэм жон жон Ламбаа та гомдлийг хүлээн авна уу, болохгүй бол эрхэм ган ган Цолмонгоор хариу хэлүүлнэ үү.
Увс аймгийн Тэс сумын харъяат малчин М.Энхболдын гомдол:
Сайн байна уу? Эркэм сайд, эрүүл мэндийн яамны ажилтнуудаа. Би өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 12-ны өдөр нийслэл готдоо ирж эмчлүүлж, үзүүлэх санаатай ирсэн көөн. Гэтэл энэ их очер дарааллаас болж жил дамнан эмнэлгийн коридорт хөнож явнөө. Гатуу гучилттай шалан дээр суусаар байгаад дээлний хойд тал будөө. Нөгөө койд кормойгоо кэсэгчлэн авч урд кормойдоо урлан залгах биш учирлан зангидаж байна дөө. Көдөөнөөс ирэхэд өвдөж байсан бөөр маань дасан зохицож эдгэсэн бололтой. Цаашид очер дарааллынхаа асуудал дээр анкаарал хандуулахгүй бол болохгүй нь байна шүү. Өчигдөр үзүүлэх сүүлийн найдвараа тээн хүлээж суутал нэгэн күүкэн ирэнгүүтээ орчихлоо 2 цагийн дараа бүр гэвтчих юм. Учрыг асуутал “урт гар, урт гар” гэх юм. Уул нь тэр күүкнээс өвөө нь арай урт гартай л харагдсан даа. За тэгээд болгооно биз дээ.
Талархлын жуух: Баянхонгор аймгийн Баацагаан сумын Адуучин багийн эмнэлгийн эрхлэгч Д.Дорлигжав:
Сайн байна уу? Эрхэм сайд Ламбаа, эрхэмсэг хатагтай Цолмон /харж явдаг шүү/. Би бээр эрүүл мэндийн салбар хүчтэй, үсрэнгүй урагшилж байгаа нь та нарын маань буян хур гэж бодмой. Та олон олон, УАЗ тэрэг тарааж байгаа сураг байсан. Манайх руу нэгийг өгч хайраа харуулаач. Манай эмч нар кабингүй трактороор дуудлаганд явсаар байгаад бүгдийнх нь хамар ув улаан болчихсон. Та нэг туслаач. Бас эрүүл мэндийн тэргүүний ажилтан гэх шагналыг хамгийн сайн ажиллаж байгаа хүндээ тодорхойлъё гэсэн чинь манай эмч нар намайг ав гээд болдоггүй ээ. Тэрийг нэг анхааралдаа аваарай. Бас таныг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Адуучин багийн хүндэт иргэнээр тодорхойлно гэж бодож байгаа. Талархсан Д.Дорлигжав.
Энэ мэтчилэн шинэ оны шинэ гомдол эрүүл мэндийн яамны хаалгыг тогшсоор. Санал гомдлыг санаандаа тодоор тусгаж сачийгаа харуулах цаг ирсэн юм биш үү эрүүл мэндийн яамны эрхэм удирдлагууд минь.
Сонгууль ойртож байна!
Б.Ням