МҮЭХ-оос үнийн
хөөрөгдлийг эсэргүүцэж маргааш 12 цагт Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан
хийхээр болсон. Жагсаалыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан талаар
МҮЭХ-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Маргааш орон даяар өрнөх жагсаал цуглаанд
МҮЭ-ийн 13 салбар холбоо /эрчих хүч, авто зам, тээвэр, багш, эмч, хувийн
хэвшил/-үүд 21 аймгийн ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчид оролцох юм байна. Жагсаал
цуглааныг тайван замаар өрнүүлэхээс гадна цагдаагийн албан хаагчидтай хамтарч
ажиллана хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ярьж байна.
Үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн бичигтэй уг наалтыг хүн бүр
машиныхаа аль нэг хэсэгт наахыг МҮЭХ-оос уриалж байна. Түүнээс гадна маргааш 12 цагт Сүхбаатарын талбайд ирж сигналаа
дуугаргахыг хүсч байгаа юм. Ирж амжихгүй хүмүүсийг машины гэрлээ асааж
эсэргүүцлээ илэрхийлэхийг тэд мөн уриалж байна.
С.Ганбаатар: Маргаашийн жагсаалд 50 мянган хүн оролцоно
- Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал гарвал яаж ажиллах вэ?
- Эмх замбараагүй байдлыг зохицуулахаар нийтийн хэв журмыг сахиулдаг цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагад дэм тус болж манайхаас хамгаалалтанд хүмүүс гарч ажиллана.
- Ойролцоогоор хичнээн хүн оролцох вэ?
- Бидний төлөвлөснөөр улс орон даяар 50.000 хүн оролцоно.
- Засгийн газарт хичнээн удаа хандсан бэ? Ямар нэгэн байдлаар хариу ирсэн үү?
-
Засгийн газарт
долоон удаа хандсан. Хүсэлт гаргаад 14 хонож байна. Ер нь Монголын ЗГ, УИХ
үнэхээр завгүй байна даа. Маргааш гурван талт хэлэлцээр хийх саналыг Засгийн газарт өгнө. Засгийн газрын гишүүд бүгд гарч ирж тэр бичгийг авах ёстой.
- Жагсаал цуглаан ямар нэгэн байдлаар үр дүнгээ өгөхгүй бол дараа нь ямар ажил хийх вэ?
- Бид тэмцлийн дараагийн арга зам, тактик хэлбэрүүдээ ажлын хэсэг дээрээ нарийвчилж ярьдаг. Яг дэлгэж ярих боломжгүй. Мэдээж бидний хүн хүч 100 хувь хүрэхгүй байгаа. Гэхдээ зохион байгуулалттай ажиллана.
- Иргэдийн хөдөлгөөнтэй хамтарч байгаа гэсэн үнэн үү ?
- Үгүй. МҮЭХ-оо дангаараа зохион байгуулж байна.
МҮЭХ-оос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг 2011 оны 12-р сарын 28-ны болон 2012 оны 1-р сарын 16-тай харьцуулж дээрх үнийн судалгааг гаргасан байна.
Т.Хулан