Өмнөговь аймгийн малчид, уул уурхайн компаниудтай тэмцэхээр шийджээ

"Энержи ресурс", "Тавантолгой", "Монгол алт", "Чинхуа-Мак-Нарийн сухайт", "Өмнийн говийн элс", "Оюутолгой" зэрэг компанийн нүүрсний тээвэр хийх гол шороон замуудыг нутгийн малчид хаажээ. Малчид замыг энэ сарын 17-ны оройн 20.00 цагаас эхэлж хаасан байна. Цогтцэций, Ханбогд суманд засмал зам тавьсан ч уул уурхайн хүнд даацын машины жолооч нар татвар төлөхөөс зайлсхийж шороон замаар олон cap явсан байна. Үүнээс үүдэж малын бэлчээр талхалагдаж, шороо тоос ихээр босох болжээ. Иймээс малчид боссон тоос, талхлагдсан бэлчээр дунд байж чадахгүй гэдгээ илэрхийлж замыг хаах болсон байна. Одоогийн байдлаар дөрвөн сумын малчид малаа авчирч нүүрс тээвэрлэх бүх замыг хаагаад байна. "Өнөөдөр өглөө компаниудын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн нааштай хариу иртэл замыг хаасаар байх болно" гэдгээ малчид хэлж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Цогтцэций, Ханбогд суманд ажиллаж, Тавантолгой, Оюутолгойн уурхайтай танилцах юм. Энэ сарын 21-нийг хүртэл Өмнөговьт ажиллах Ерөнхийлөгчид эдгээр малчид хандахаар төлөвлөжээ.
Т.Хулан