Шийдлийн Засгийн газарт
Сүүлийн үед монголын ШУА гэж их ярьж, их сургуультай нэгтгэнэ, үгүй гэхчлэн тэрүүхэндээ хөөрхөн орон нутгийн самуун болж байгаа дуулдаад, хачир, жишээ нэммээр санагдлаа.Зарим эрхэмийн дургүй хүрэх ч, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэж сайхан юм бий.
Монголд байдаг зайлшгүй байх олон салбарын нэг УСНЫ САЛБАР гэж байх.
Дэлхийн дээвэр шахуу цас мөс нь хайлаад, хур бороо нь урсаад уруудаад тогтдоггүй, үгүй бол гадаад их далай руу хулжаад үгүй бол хатдаг, ширгэдэг дотоодын цөөрөм тойром руу урсаж оддог гол горхитой, бидний сонгож чадаагүй ч амиараа хамгаалж ирсэн монгол маань онцлогтой. Цагийн эрхээр, дэлхийн жишгээр сууршил, хотжилт, иргэншил рүү шилжиж эхэлсэн үеээс хот суурингийн хөгжил хувьслын үндэс болсон их гол мөрөн бидэнд байсангүй.
Инд ганга, Тигр евпрат, Хуанхэ, янзцы, Сена по гээд хот үүсгэх мөрөнгүй монголд хотыг хангах ус, хүнсийг нь ургуулах усны байгууламж, малыг нь ундаалах бэлчээр усжуулалт, баялагийг нь баяжуулах ус хангамжийн систем хэрэг болоод эхэлсэн 1960 оны эхэнд том асуудал боссон.
Муу ч сайн ч төртэй засагтай намтай юм юмтай байсны хүчинд 1962 оны МАХН нэг бүгд хурлын шийдвэрээр Рагчаа гуай ахалсан ажлын хэсэгтэй ажил ундарч, усны институцийн асуудлыг босгон тавьж ЗХУ-ын буцалтгүй гэх тусламжаар Усны аж ахуйн олон контор, яам гэхчлэн хүчирхэг техникийн баазтай болоод авсан.
Үүнийгээ дагаад нүдэндээ үл үзэгдэх хэдэн үеийн цаана байгаа усыг ШУ-ны арга техникээр хайж олох, усалгаатай газар тариаланг эрхэлхэд нэн чухал усны нөөцийн хайгуул, хөрс мелиорацийн судалгаа, барилгын ул хөрсний судалгаа, материалын судалгаа, чанарын судалгаа гээд хавсрага ШУ-ны судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ч болоод авсан юм.
Энэ хүрээлэнгийн хүчээр монгол улс 1990 он хүртэл 32 мянган инженерийн болон бусад хийцийн уст цэг, 157 услалтын систем, хот болон хөдөөгийн суурингийн усан хангамжийн төвлөрсөн байгууламж барих суурь хавсарга судалгаа хийж, барьж байгуулан, үр шимээ өгснийг бүгд мэднэ.
За ингээд үе үеийн усжуулангийн хүч хөдөлмөр, оюун ухаан, сүнс сүлд шингэсэн, тэдний босгосон мөнгөнд тулгуурлан 4 давхар “Муруй цагаан” хочит барилга босгож аваад Усны Хайгуул Судалгаа Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Усны Аж Ахуйн Яам байртай болж, ар халхын ус лус хоёр савдагтай болоод авсан, энэ салбарын мандан бадрал болж билээ.
Дараагаар нь сарнин бутрах, мөхөн үрэгдэх зам руу орсон түүхтэй.Усны эрдэс байлагийг ашиглагчид хувьд шилжснээр өндөр өртөгөөр байгуулагдсан хэний ч биш өмч бүрэн тоногдон сүйрч ажиллагаатай хоёрхон услалтын сиситем, 2000 инженерийн хийцтэй устай цэгтэй үлсэн гэдэг. Нөгөө “галзуу судалгаа” хийдэг хүрээлэн маань ШУА хэмээх улсын төсөв, шинжлэх ухааны сан хэмээх даллахад ил гардаг, далайхад далд орж нуугддаг, сав нь дундрахаар “тараад” командаар түр тардаг, сав нь дүүрэхээр “цуглаад” командаар бужигнаад ирдэг, долоон голтой байгууллага болон хувирч, удирдлагыг фанаалдах нь бүү хэл танкийг ч хүлдэг удамтай атамантай болж авсан билээ.
Нөгөө лаг хүрээлэн маань ШУА-ийн Геоэкологийн гэх хүрээлэнгийн хаяанд гэрийн сүүдэр дагасан “өвгөн банхар” шиг зүүрмэглэн ноохой архиваа хав дарсан шигээ, хэзээ эзэнээ ирэхийг хүлээсэн шигээ хэвтэх боллоо. Нөгөө муу усжуулангуудын “Муруй саарал” минь ээ, хөөрхийс ДОРНО ДАХИНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН хэмээх аймаар мундаг, геополитикийн судалгаа хийдэг газрын байр болж хувирваа.
Арга ч үгүй юмдаа, 800 жилийн өмнө дорно зүгийнхний тойгтныг сөгтгөж, толгойтныг бөхийлгөж явснаа дурсаж, тэднийг судалсаар байх юм байлгүйдээ.Төрийн бодлого нь гүн, уурга нь урт, хар хайрцаг нь найдвартай юм байлгүйдээ гэж.
За ямар ч байсан бидний үед хотыг нь найдвартай усаар хангах, үнэгүй гардаг сэргээгдэх энергийг ашиглах, чийгийн горимоос их хамаралтай ХАА тарималыг усаар хангах, 59 сая малын бэлчээрийн ус хангамжийг зохистой шийдэн, бэлчээр ашиглалтыг сайжруулах, усны өндөр үнэтэй барилга барих нөхцлийн тулгуур судалгаа хийх, ус болон усан орчин хийгээд түүнийг эрхшээсэн амьд байгалийн экологийг тэтгэх усан орчны судалгаа хийж, баялаг бүтээгчдээ тэтгэх, хөгжлийн, сууршлийн амин сүнсээ судалснаас хятад, япон, солонгосоо судалсан дээр гэж монголын ШУА, төр үзжээ.
Академийн энэ салбарууд Ван Вейгийн цоохор цэцгэн дээр суусан эрвээхэйг зүүдлэн, согтуу манантсан нүдээр Бай Шигийн цөөрмийн усанд туссан сарны гэрэлд хөвөх усны хорхой харан гиюурч байх хооронд УСНЫ САЛБАР тойрсон ойлголцол, үл ойлголцол, үйлдэл,эс үйлдэл газар авах нь л тодорхой байгааг юмыг ганцхан портчикоор хардаг мань харж сууна.
Эргүү мань заримдаа мунхаглахдаа унжиж байснаас унаад ирээсэй гэгчээр бас заримдаа хүр хорхой үржүүлж торго нэхэн, хөвөн тарьж даавуу сүлжснээс худалдаж авсан нь үр дүнтэйг бодож, суурь судалгаа хийнэ, өрнө дорныг тандан гэж байснаас патент, ноу хау, араас нь хөөгөөд гүйцэхгүй шинэ техник, технологийн инноваци хийж, мэдээллээр хангах, түүнийг нутагшуулахын тул Их сургуулийн лаборатори, хямдхан мэргэжиж яваа хүмүүс, тийм болохыг эрмэлзэж байгаа залуус түшиглэн ажилладаг прагматик жинхэнэ дорно зүгийнхний аргаруу орвол ямар байсий.
Түүнтэй өөрийнхөө онцлогийг, хэлбэрийг соёлоо тусгаад явахаар л япон солонгосын бренд болоод явчдаг биздээ.Маргаад байх юм алга унжуурга тасарлаа, бандан пад. Хэн нэг нь л зориглон хийх ёстой байх.
Хөөрхий манай энэ Сайханбилэг, Баярцогт гэх хоёр нөхөр гөлөгнөж бууж өгсөөр байгаад санаануудаа хэрэгжүүлж чадах юм болов уу.
Дахиад л “усжуулан” руугаа оръё. Төрийн сүлд дуундах “Хөгжлийн түлхүүр, жаргалын үүд”-ийг нээгч түлхүүр юугаар ч орлуулшгүй эрдэс ус болчхоод байгаа сануулах гэж байна.
Оюутолгойг та бид 40-50 жил Гүний хоолойн 150-300 метр шаварт дарагдсан гүний усаар нэг секунданд 2100 литр ус өгч ашиглуулна гэвэл Ханхонгор сумын 10 “ард түмэн”, хиншүү Ганбаа, өвгөн шувуу Авирмэд, гранат Мөнхбаяр нар “харакира” хийх гээд хэцүү.
Балгасын улаан нуурын газрын доорх ус соруулъя гэхээр ерөнхийлөгч маань сэдэл өгч, орон нутаг хамгаалтандаа авлаа гэх.
Орхоноос усан сан байгуулж 700 гаруй км татъя гэхлээр зөвхөн техникийн даалгаварын даалгавар, даалгавар хийхэд л 5-6 жилийг хойд ах нарын зардасууд тотгор хийж сунжруулсан бол ТЭЗҮ хийх, барилга барихыг хүлээвэл Орхон голын ус хойд мөсөн далай руу урсаад дуусах байлгүй.
Хэрлэнгийн тохойролтоор цүлхийсэн гравитацийн хүчээр бялхсан усыг нь ядаж авъя гэвэл Бат-Эрдэнэ аварга хориотой ч хийдэг, хориогүй ч хийдэг мэхээр барьцгүй тонгороод салахгүй.
СИ Жин Пи ахын хүрэн нүүрс газжуулах 30 тэрбум долларын мега төсөл, шатдаг занарын орос, арабын сүнсийг авч байгаа төсөл, уран баяжуулах төсөл, Цагаан суврага, Үнэгтийн өнгөт металл бүгд урд говьд бөгөөд эднийг бүгдийг усаар баяжуулж угааж, хөөсрүүлж, сүлбэж,цуцааж байж олзворлохгүй бол уран, зэс, алт, косждог нүүрс, нефть бүхэн ямарч үр ашиггүй шороо бөгөөд ажиллах хүмүүс нь усаа ууна, угааль үйлдэнэ, бузраасаа сална гээд гарцаагүй хэрэглэгч.
Тэгвэл энэ бүхнийг чинь хичнээн нөөц, ямар боломж, яаж ариглах, хэдэн жил хүрэлцэх, стратегийн төлөвлөт хийх региональ судалгааг хийж өгөх шинжлэх ухааны байгууллагаа байхгүй болгоод хэн ч биш болгосноо засаж, яг одоо цэгцлэх цаг нь биш үү.
Архимед надад нэг тулах цэг өгөөдөх дэлхийг чинь хөшүүрэгдэе гэдэг шиг алив ШИЙДВЭРИЙН ЗАСГИЙН ГАЗРАА усныхан бидэнд итгэж нэг тулах цэг аль, судалгааны институцийг үе үеийн усныхны хийсэн хэлсэн бүхэн сүнстэйгээ шингэсэн “Мурай саарал”-тай маань буцааж аль.
Дараагаар нь ШУА-аа, мандуулж, Дорно, өрнө рүү ээтэн хошуутай гутлынхаа мөрийг гаргах судалгаагаа хийж, хаа хаанаа жаргаж түмэн жил амьдаръя.Харин өнөөдөртөө уушигаа, өөхөө маргааш ац.
Үгүй бол бас ингэж болж байна. Морио унаад модоо тохоод 59 сая малаа хувааж маллаад, арьс нэхийгээр гурил будаа даалимбаа бартардаад, баялаг бүтээдэггүй манийгаа баясгадаг 5000 том бөгстэй бөх, 10 мянган хурдан адгуусаа уралдуулж, 6000 лам багшаа шүтээд нутаг нутаг руугаа тэмээндээ хөнгөн юм аа ачаад нүүцгээе.
Халхын буян их юм чинь өлсөж үхнэ л гэж байхгүй.Эс тэгвэл Туулын ус доороосоо ч дээрээсээ ч бузартаад, хомсдоод эхэллээ. Ерөнхийлөгч маань Зэргийн тоост хөндийд хонио хариулж, спикер маань Сэлэнгийн үржилт хөндийд байцаагаа тарьж, ерөнхий сайд маань дорны хурдан хүлгийг Ховд руу хөөж, мань Таван богд, Цэнгэл хайрхандаа аргал янгир гөрөөлөх минь.
Доктор Ц.Сосорбарам




























































Сэтгэгдэл (9)