Энэ сарын 13-нд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхас эрдэм шинжилгээний төвд хүүхдээ хаяж явсан эх баригджээ. Түүнийг өнгөрсөн баасан гаригт баривчилсан байна. Ховд аймгийн харьяат, оршин хаяггүй 37 настай тэрээр хүүхдээ Эх нялхасын төрсний дараах тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь хаяж явсан юм. Эрүүгийн хуулийн 117.1-т төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. Харин түүний хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг