Өчигдөр Сүхбаатар дүүргийн аравдугаар дугаар хороо, гуравдугаар сургуулийн хажууд байрлах 31 дүгээр байрны баруун талын замд зам тээврийн осол гарч, нэг хүн бэртжээ. Ослын газарт шуурхай бүлэг 105-ын алба хаагчид очиход “Ниссан санни” загварын суудлын автомашины доор 31 настай эрэгтэй хүн мөргүүлэн, бэртсэн байдалтай байсан аж. Алба хаагчид шуурхай ажиллан, автомашины доор байсан иргэнийг гаргаж эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Зам тээврийн осол нь ихэвчлэн жолоочийн хариуцлагүй, санамсар, болгоомжгүй байдлаас болдог тул замын хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдлыг зөв тодорхойлж хурдаа тохируулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцож техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэхийг Шуурхай бүлэг 105-аас анхаарууллаа.
Б.Чимэг