Улсын мөнгө завшсан хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгон авто машины осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэг 2010 онд гарсан билээ. Түүний хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан. Харин саяхан хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, яллах нотлох баримт бүрдсэн гэж үзээд эсэргүүцэл бичсэн байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг нийслэлийн шүүхэд хэлэлцэж, цаашид хэрхэх эсэхээ шийдэх аж. Хэргийг сануулбал, тэрээр 2010 оны аравдугаар сарын 16-ны өглөө 06.00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал командийн байгууламжийн зүүн талын Нарны зам дээр 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон юм. Улмаар талийгаач эрэгтэйг дайрсныхаа дараа УБТЗ-ын гал компандын байрны зүүн талаас “Гермес” төвийн урд хүртэл 750 метр газар чирсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэх үндэслэлээр таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульд заажээ.
Б.Чимэг