Өчигдөр үдийн хойно “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар нарын хүмүүс олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр Балбад визийн зөрчлийн улмаас 3 сар саатуулагдсан Монголын иргэн Б.Баяндэлгэрийн торгуулийн мөнгийг шилжүүлжээ. Харин Улаанбаатарын цагаар 19 цагт буюу Катмандугийн цагаар 16.45-д манай сурвалжлагч Балбын нийслэл Катмундагаас дараах мэдээллийг хүлээн авлаа. Уг мэдээллийг Б.Баяндэлгэрийн байдлыг монголчуудад анх мэдээлсэн Балбын иргэн, лам Дэнгээ утсаар дамжуулсан юм.
-Балбын Дотоод яамны харъяа Цагаачлалын албаны холбогдох албан тушаалтнуудтай Б.Баяндэлгэрийн асуудлаар уулзаж ярилцлаа. Монголоос нутгийнхных нь явуулсан мөнгийг хүлээн авсан болно. Гэвч ажлын цаг дуусч байгаа тул маргааш өглөө торгуулийн мөнгө болох 1600 ам.долларыг Цагаачлалын албанд тушаахаар болов. Албаны хүмүүсийн нотлон хэлсний дагуу мөнгө дансанд ормогц бичиг баримт, процедурын бага сага ажлын дараа Монголын иргэнийг суллахад саадгүй болно. Түүнийг суллах ажил маргаашдаа багтаж шийдэгдэнэ гэж би хувьдаа найдаж байна. Гэхдээ эрт баярлаад яах вэ гэж бас болгоомжлох юм. Үүний дараа энэ баярт мэдээг ганц цагийн ч өмнө болов өөрт нь дуулгахаар хоригдож буй шоронд нь очиж уулзлаа. Монголоос ирсэн мөргөлчдийн надад үлдээсэн ааруул, бас бус хүнсний зүйлсийг эргэлтээр оруулж өгсөн. Б.Баяндэлгэр энэ тухай сонсож баярлаад юм ярьж чадахгүй болтлоо уйллаа... (Хоолой нь зангирав.) Маргааш асуудал тодорхой болмогц би та бүхэн рүү дахин утсаар холбогдъё. Суллагдахаар нь бид гэртээ аваачин 2-3 хоног асран тойлж амраагаад, хамтдаа ном хурах бодолтой байна. Тэгээд нутаг буцах биз ээ гэж тэр хэлэв.
Дорнод аймгийн харъяат, 23 настай Б.Баяндэлгэрийг эрх чөлөөтэй болмогц нь Хятадаар дамжуулан эх оронд нь буцаах тийзийг “Дорнод нутаг” клубынхан захиалахаар хүлээж байна гэж мөн 24tsag.mn-д тус клубээс мэдээллээ.