Олон улсын сагсан бөмбөгийн тэмцээний тов гарлаа
Монголын сагсан бөмбөгийн холбооноос
зохион байгуулах “UB Cup” олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн ирэх хоёрдугаар
сард болох гэж байна. Шинэчлэл хийж, шинэ удирдлага, шинэ зохион байгуулалтаар ажиллах
болсон гэгдэх Монголын сагсан бөмбөгийн холбоо “Пэпси” брэндтэй хамтран хүүхдийн,
оюутны, хөгжлийн болоод дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах болсон билээ.
Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 7-12-нд Спортын төв ордонд болох “UB Cup-2012”
тэмцээн нь МСБХ болоод “Пэпси” брэндийн хамтран зохион байгуулах анхны олон
улсын чанартай тэмцээн болж байна. “UB Cup-2012” тэмцээнд одоогийн байдлаар
БНХАУ-ын Өвөрмонголын Биеийн тамирын сургуулийн баг, Өмнөд Солонгосын их, дээд
сургуулиудын шигшээ баг, Японы Спорт, шинжлэх ухааны их сургуулийн баг, мөн
ОХУ-ын Эрхүү мужийн Ангарскын Шинжлэх ухаан, техникийн академийн багууд оролцохоор
мэдүүлгээ ирүүлээд байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад чансаа өндөр багууд ирж,
оролцох болсон нь тэмцээний чанар, өрсөлдөөнийг илтгэж байгаа юм байна.
Тэмцээнийг зохион байгуулагч Монгол
Улсын тухайд хоёр багаа тус тэмцээнд сойно. Тодруулбал, С.Баярцогт дасгалжуулагчаар
ахлуулсан сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, мөн өнгөрсөн жилийн дээд лигийн
аварга, Д.Уртнасан дасгалжуулагчтай “Харцага” баг оролцохоор болжээ.
Т.Хулан