
Мөн Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шархадны гудамжинд 6х12 метрийн хэмжээтэй мансардтай хоёр давхар байшин, эд хогшлын хамт шатжээ. Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад гал дэлгэрсэн байсан тул Аврах, гал унтраах 34 дүгээр ангийг нэмэлтээр гаргаж ажилласан байна. Галын улмаас 21 настай эмэгтэй галд өртөж нас барсан байжээ. Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна. Ер нь сүүлийн үед энэ мэт галын дуудлагууд нэмэгдэж байгаа нь хүйтний эрч чангарч, иргэд галлагаагаа нэмсэнээс, мөн пийшин зуухны аюулгүй байдал, ил задгай гал асгаснаас болон цахилгаан ашиглалт, угсралтын буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа гэнэ.
Мэргэжлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр галын аюулаас сэрэмжлүүлсэн мэдээллийг цаг тухайд нь явуулсаар байгаа боловч иргэд үүрэг, хариуцлагаа өндөржүүлж сонор сэрэмжтэй байхыг нэг өдөрт гарсан дээрх томоохон гал түймрийн тохиолдлууд сануулж байна. Гал түймэр хаана ч, хэзээ ч гарч болно, гагцхүү эрсдлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангасан байх нь нэн чухал байна.
Цаашид цаг агаар хүйтэн хэвээрээ, хүйтний эрч чангарсан хэвээрээ байх болно. Иймд айл өрхүүд дор бүрнээ цахилгаан утасны аюулгүй байдлаа шалгаж, хэт ачаалал үүсгэхгүй байх, үнс нурмаа гүйцэт унтраах, дутуу унтраасан үнс нурмыг үүдний амбаар, байшин, гэр дотроо тавихгүй байх, эвдэрч цуурсан пийшин зуух хэрэглэхгүй байх, галын амны өмнө халуун цолг унахаас сэргийлж төмөр хаалт тавих, галлагаа нэмсэн үедээ яндангийн цонолт халалт үүсгэхээс сэргийлж дээвэр, яндангийн гарах хэсгийн эргэн тойронд төмөр хаалт хийх, яндангийн залгаасыг шалгахыг НОБГ-аас анхааруулж байна.
Мөн гэртээ бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлж байна.
Б.Чимэг