Пакистаны Куетта хотод өнгөрсөн лхагва гарагт машинтайгаа явж байсан гурван хазар иргэнийг террористууд буудаж амийг нь хөнөөжээ. Машинд Хазарын алдартай жүжигчин Абид Али Назиш, Тагнуулын төв газрын ажилтан Вулаяат Хуссайн, яруу найрагч Мухаммад Анвар Али нар явж байжээ. Тэднийг хотын захын хорооллоор машинтайгаа зугаалж явахад нь гэнэт мотоцикл унасан хүн гарч ирч буудаад зугатаасан байна. Хазар иргэд энэ явдалд ихэд гашуудаж, өчигдөр сүүлчийн замд нь үджээ. Гэсэн ч хэргийн баримт болох гэрэл зургийг олон нийтэд ил болгохгүй байхыг гэрийнхэн нь хүссэн тул хэвлэлд нийтлэхийг түр хойшлуулаад байгаа юм.
Пакистаны Куетта хотын 900 мянга гаруй оршин суугчдын ихэнхи нь хазар үндэстэн. Тэд талибын чанга хатуу дэглэмээс зугатаж энэ хотод олноороо амьдардаг. Гэсэн ч 2008 оноос хойш 275 хазар иргэн ямар нэгэн гэмт үйлдэл хийгээгүй, зөвхөн хазар үндэстэн болж төрснийхөө төлөө талибын террористуудын гарт амиа алджээ.
Пакистаны Тагнуулын төв газрын ажилтан Вулаяат Хуссайн, хазарын алдартай жүжигчин Абид Али Назиш нарын зураг.

Сэтгэгдэл (1)