УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн сайдаар томилохыг
67,9 хувиар дэмжиж баталлаа. АН-ын гишүүд санал хураахаас өмнө ерөнхий
сайдын сонголтонд сэтгэл дундуур байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн сайдаар томилохыг 67,9 хувиар дэмжиж баталлаа. АН-ын гишүүд санал хураахаас өмнө ерөнхий сайдын сонголтонд сэтгэл дундуур байгаагаа хэлсэн юм. АН-ын дарга Н.Алтанхуяг "МАН төрийн болон улс төрийн албыг хольж бантан хутгаж байна. Төрийн нарийн бичиг гэдэг бол яамдаа хамгийн их эрх мэдэлтэй, авлигын сүлжээ үүсгэчихсэн байдаг юм. Танай намынхан өнгөрсөн хоёр хоногт яасан ч их сандардаг юм бэ? Телевизээр захиалгат нэвтрүүлэг цацуулаад хүмүүсийн дургүйг хүргээд байх юм" хэмээн хатуухан шүүмжилсэн. Мөн УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Та сонгогдох нь тодорхой боллоо. Харин ажлаа хийж чадахгүй байж үр дүнг нь дэлхийн санхүүгийн салбар руу чихэх хэрэггүй. Монгол банктай хамтарч ажилла, Хөгжлийн банкаа яаралтай ажилд оруулаарай" гэж зөвлөлөө. Тэрбээр мөн "Түрүүн ерөнхий сайд таныг 2012 оны төсвийг базаж гаргасан гээд худал яриад байхад яагаад худлаа толгой дохиод байгаа юм бэ? Үнэн юм ярьж сурмаар юм" гэж шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хатуу шүүмжлэл, маргааны дунд олон өдөр яригдсан сайдын ажилдаа томилогдлоо. Шинээр томилогдох дараа, дараагийн сайд нарыг ч хатуухан шүүмжлэл хүлээж байна.