Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн орон сууцны байшинд гаазын баллон дэлбэрснээс тус байрны 33 айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа.

Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн орон сууцны байшинд гаазын баллон дэлбэрснээс тус байрны 33 айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа. Гэтэл өчигдөр мөн тус аймгийн Дархан сумын нэгдүгээр багт байрладаг Дарханы гурил тэжээлийн үйлдвэрт дэлбэрэлт болж, хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд товч мэдээлэл хийв. Тэрээр “Энэ сарын 22-ны ням гаригийн өглөө Улсын онцгой комисс, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нарийн мэргэжлийн хүмүүс, галын шинжээчид газар дээр нь очиж ажилласан. Тэд барилгын хийц бүтээцээс шинжилгээний дээж авсан байгаа. Ер нь бол барилгыг засах зураг төслийн ажлыг хийж байгаа. Мөн 33 айлын 11 нь хуучин амьдарч байсан нөхцөлийнхөө хэмжээнд хүрсэн орон сууц өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Дархан-Уул аймагт хугацааны хувьд ойрхон ийм хоёр дэлбэрэлт болсон нь орон нутгийн байгууллагын үйл ажиллагаатай, тодорхой хүмүүсийн ажлын хариуцлага тааруу байгаатай холбоотой” гэв.
Б.Чимэг