Энэ сарын 2-нд Нийслэлийн прокурорын газраас “Долдугаар сарын 1”-ний хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн билээ.

Энэ сарын 2-нд Нийслэлийн прокурорын газраас “Долдугаар сарын 1”-ний хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийн хянан хэлэлцэх хугацаа дууссан ч шүүгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй хэмээн хугацааг 30 хоногоор сунгаад байсан. Харин ирэх сарын 18-нд дуусгавар болох аж. Хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан, өршөөлд хамруулсан бол уг хэргийг сэргээн шалгаснаас хойш тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн юм. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги аж.
Б.Чимэг