Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран-При” тэмцээн ОХУ-ын
Красноярск хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнгөрөгч баасан
гаригт Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Т.Мөнхтуяа хүрэл медаль
хүртсэн бол өчигдөр гавьяат
тамирчин О.Бурмаа мөнгөн медалийн эзэн боллоо. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин
болох 72 кг-д барилдсан тэрбээр эхний тойрогт ОХУ-ын бөх Виктория Фролова,
хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх, дэлхийн аварга Ирис Смит нарыг ялж, хэсгийн
аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөх, дэлхийн залуучуудын гурван удаагийн
аварга Наталья Воробьеваг дийлжээ. Улмаар аваргын төлөө барилдаанд Болгарын
бөх, дэлхийн таван удаагийн аварга Станка Златёвад хожигдсоноор Иван Ярыгиний
нэрэмжит тэмцээнээс хоёр дахь мөнгөн медалиа хүртжээ. Тус жинд 14 бөх өрсөлдсөн
байна. О.Бурмаа өмнө нь 2008 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
Тэмцээний
сүүлийн өдөр буюу өнөөдөр Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 84 кг-д О.Үйтүмэн,
Б.Номиндалай, 96 кг-ын жинд Н.Золбоо, 120 кг-д Ж.Чулуунбат нар зодоглоно.
Т.Хулан