“Lamborghini Aventador LP700”-ын жижигрүүлсэн загвар энэ төрлийн бүтээл дундаас хамгийн үнэтэй нь болжээ. Үүнийг алтаар бүтээсэн аж. ХБНГУ-ын иргэн Роберт Гюэлпен автомашины жижигрүүлсэн загварыг мэргэжлийн түвшинд үйлдвэрлэдгээрээ алдартай нэгэн.

Тэрбээр 1990 оноос энэ бизнесээ эхэлсэн бөгөөд баян үйлчлүүлэгчдийнх нь нэг түүнд “Aventador”-ийн жижигрүүлсэн загварыг алтаар хийхийг санал болгож, захиалснаар дэлхийн хамгийн үнэтэй загвар хийх ажлаа эхлүүлсэн байна. Үйлчлүүлэгч нь уг загварыг алтаар хийхийн зэрэгцээ зарим хэсгийг нь цагаан алтаар бүрж, алмаазаар чимэглэхийг хүсч, шаардлагатай зүйлийг нь бэлтгэж өгсөн байна.
Түүний өгөөмөр зан, сул гарын ачаар хамгийн багадаа уг загварт 4.65 сая ам.доллар зарцуулж, энэ нь Гиннесийн дээд амжилтад бүртгэгджээ. Уг машины явах эд ангийг хатуу алт, жолооны хүрдийг цагаан алтаар хийж, сандал, салоныг нь 700 орчим алмаазаар чимэглэсэн байна. Жижигрүүлсэн загвар нь жинхэнэ машинаасаа найм дахин бага хэмжээтэй хэрнээ 12 дахин илүү үнэтэй гэнэ.