Казахстаны Уральск хотод болсон тус улсын ерөнхийлөгчийн нэрэмжит самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин МСБХ-ны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан, Ж.Энхбаяр нарын удирдуулан оролцож хос мөнгөн медальтай иржээ.

Тэмцээний 62 кг-ийн жинд хүч сорьсон “Хилчин” спорт хороо, БММБТ компанийн тамирчин ОУХМ Д.Амартүвшин, 82 кг-д зодоглосон МУБИС-ийн тамирчин ОУХМ О.Болд-Эрдэнэ нар тус бүр мөнгөн медаль хүртсэн байна. Амартүвшин ОХУ, Азербайжан, Тажикистан, Казахстаныг бөхчүүдийг ялж, аваргын төлөө дэвжээний эзэн орны бөхөд дийлдсэн бол О.Болд-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Тажикистан, Казахстан, Армений бөхийг хожиж, алтан медалийн төлөөх барилдаанд Гүржийн тамирчинд оноогоор ялагджээ.
Б.Ням