
Дуучин Д.Отгонжаргал нь Төв аймгийн “Монгол туургатан” театрын “Хязгааргүй” моно опера дуурийн гол дүрд тоглож, “Гэгээн муза-2011” наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн. Мөн тун удахгүй “Домогт Ану хатан” киноны Ану хатны дүрд тоглохоор шалгараад байгаа юм. Тэрээр тоглолтоо дуусгаад шууд кино зураг авалтандаа орох аж.
Таны тоглолт юугаараа онцлогтой болох вэ?
Тоглолт маань ерөнхийдөө гурван хэсгээс бүрдэж байгаа. Дэлхийн сонгодог дуунуудыг морин хуурын чуулгатай дуулна. Мөн поп оркестр, морин хуурын чуулга маань нийлж хөгжимдөнө. Мэндчилгээ дэвшүүлэхээр гаднаас ирсэн уран бүтээлчид надтай хоршил болоод гурвал болж дуулна. Бүгд надтай хоршиж дуулна. Ер нь миний анхны бие даасан тоглолт учраас ирж байгаа үзэгчиддээ сайхан билэг барих төлөвлөгөөтэй байна. Цэвэр хөгжмийн зохиолын хамгийн сайхан тансаг аялгуутай дуулаачийн бүтээлүүдийг сонгож дуулах гэж байгаа. Хөгжмийн найруулгын хувьд, оркестрын дуугаралтын хувьд ч өвөрмөц болох байх. Миний бие ч маш их хичээж байна. Дэлхийн ари романснуудыг морин хуурын чавхдасаар амилуулж байна гэдэг бас өвөрмөц юм л даа. Мөн тайз дэлгэц хосолсон тоглолтыг тавьж байгаагаараа онцлогтой болов уу.
Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй хамтарч ямар уран бүтээл тоглох вэ?
Дээгийтэйгээ болон Уртнасан багштайгаа бид гурав хамтарч гурвалсан тоглолт үзүүлнэ. Би л дуулж байгаа боловч Дээгий маань бас гоцлож тогглож байгаа. Тэгсэн мөртлөө төгөлдөр хуурч багш маань бас номер үзүүлж байга юм.
Яагаад Тусгаар тогтнолын ордныг сонгосон юм?
Маш олон шалтгаантай. Энэ сарын 11-нд тоглолтоо хийхээр
төлөвлөсөн чинь Тусгаар тогтнолын
ордноос бусад бүх газруудын тайз завгүй байсан. Тэгээд надад олдсон
тайз нь Тусгаар тогнолын ордоных байлаа. Дуугаралтын хувьд маш сайн мэргэжлийн танхим юм. Өмнө нь
энэ концертын танхимдаа маш олон удаа дуулж байсан. Бие даасан анхны уран
бүтээл учраас их догдолж байна.
Т.Хулан