МАН-ын сүр дуулиантай эхэлсэн бага хурлын дүр зураг энэ. Засгаас гарлаа, орлоо гэсэн чөлөө завгүй улс төрийн тоглоомонд ядрагсад
энэ өдөр л нэг намын нөхдөө хараад тайвширсан мэт гүн нойронд дарагдав.

Унтаа улс төр. МАН-ын сүр дуулиантай эхэлсэн бага хурлын дүр зураг энэ. Урьдчилан бэлдсэн тоглолт ямар ч алдаа мадаггүй, дуулиан шуугиангүй байдгийн жишээг өчигдрийн хурал батлав. АН-ын ҮЗХ-ны хурлаас хойш намын хурал нээлттэй болвол чухам идээ бээрийг нь олны өмнө гаргадаг ид шидтэй юм хэмээн ойлгож байв. Тиймээс нээлттэй эхэлсэн МАН-ын бага хурлаар намын даргаа байг гэхэд ганц хүнийг ч болов шүүмжлэх буй хэмээж байсан. Гэсэн ч өндөр нарийн зохион байгуулалтын доор тийм зүйл болсонгүй. МАН гэж ямар чанд хатуу зарчимтай, нарийн дэг жаягтай нам болохыг цаагуураа харуулаад байх шиг. Хурлыг даргалагч Ц.Мөнх-Оргил гишүүн саналаа хэлж буй хүмүүсийн цаг нь дуусмагц л сануулж алхаа товшин байсан нь үүнийг бүр бат болгож байв. Ирэх дөрвөн жил цалинг 1,3 сая болгоно, ДНБ-ийг 12,600 доллар болгоно гэх зэрэг сонсоход урамтай сайхан амлалтаар дүүрэн байлаа. Энэ бол сонгуулийн амлалт. Мөнгөний амлалт. 2008 оны сонгуульд иргэн бүрд сая таван зуун мянган төгрөг өгнө гэж байсантай дүйхүйц амлалт юм. Ирэх сонгуулийн ч гол сценар байх биз. Гэхдээ энэ чихэнд чимэгтэй үгэнд итгэж суух хүн өнөөдөр хэд үлдсэн бол доо.
Засгаас гарлаа, орлоо гэсэн чөлөө завгүй улс төрийн тоглоомонд ядрагсад энэ өдөр л нэг намын нөхдөө хараад тайвширсан мэт гүн нойронд дарагдав. МАН-ын дарга, УИХ-ын гишүүд, хурлын төлөөлөгчид гээд урьдчилан мэдэж байсан зүйлийг нь давтан давтан ярих үест өөрийн эрхгүй зовхи нь бууж харагдав. Шинэ санаа, өөрчлөлтийн салхи энэ намд алга уу? Нээлттэй хэрнээ хаалттай хурлыг амь оруулах хүн алга уу? Улс төр гэдэг бол бодлого. Тэгвэл бодлого гаргагчид, гаргасан бодлого нь нойрмог болохоор унтаа улс төр гэхээс өөр юу гэж нэрлэх вэ. Сонгууль эхлэнгүүт сэхээ авч сэрчихээд дуусахаар нь л битгий унтчихаасай. Тайзан дээр дарга нар нойр хүргэсэн зохиолоо уншсаар л...
Намын хурал гэж сэтгэл нь хөдөлж шөнөжин нойр нь хүрээгүй буй хэмээн хуралд оролцогчдыг өмөөрөхүйд чухам юунд сэтгэл хөдөлсөн нь тодорхойгүй. Хурлын төгсгөлд намын яс чанар нь зулгааж хаалттай хуралдсан хэдэн хоромд л чухам сэтгэл хөдөлгөм яриа хөөрөө болсныг үгүйсгэхгүй.
Дашрамд дуулгахад Ц.Мөнх-Оргил гишүүнийг УИХ-ын дарга болгож спикерийн ажил хийлгэж болохгүй юм байна гэж хурлыг зурагтаар үзэж суусан нэгэн хэлэв. Минут дуусмагц алхаа товшоод зандраад эхэлдэг айхтар чанга дарга болж магадгүй хүү байна гэж.