Монгол банкны ерөнхийлөгчийн орон тоонд хэнийг тавих вэ гэсэн асуулт хоёр намын хооронд багагүй маргаан өрнүүлж магадгүй нь. Б.Жавхлан нь МАН-ын дарга С.Батболд, тус намын ерөнхий нарийн бичгийн
дарга Ү.Хүрэлсүх нарын гарын хүн гэж эх сурвалж бидэнд мэдээлсэн.

Долларын ханшийн өсөлтийг хазаарлаж чадаагүй гэж ажилдаа “муу” үнэлгээ аваад байгаа Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулах саналд АН-ын хорин гишүүн гарын үсэг зураад байгаа. Гэсэн ч УИХ-ын эрх мэдлийн асуудал гэж хариуцлага тооцохыг түр хойшлуулсан. Шатахууны үнийн хөөргөдөлд буруутай гэх агентлагийн дарга нарт арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн ч Л.Пүрэвдоржийн асуудлыг УИХ одоо хүртэл хэлэлцээгүй байгаад АН-ын гишүүд багагүй бухимдаж байгаа юм. Энэ сарын 10-нд намрын чуулган завсарлах тул дараагийн долоо хоногт багтаан түүнийг албан тушаалаас нь буулгахыг шавдуулж байгаа аж. Тиймээс ирж буй долоо хоногт Монгол банкны ерөнхийлөгчийн орон тоонд хэнийг тавих вэ гэсэн асуулт хоёр намын хооронд багагүй маргаан өрнүүлж магадгүй нь. МАН–ын хувьд Л.Пүрэвдоржийн оронд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг томилох саналтай байгаа. Б.Жавхлан нь МАН-ын дарга С.Батболд, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Хүрэлсүх нарын гарын хүн гэж эх сурвалж бидэнд мэдээлсэн. Харин АН-ын гишүүд Б.Жавхлан нь долларын ханшийг тогтвортой байхад зөв арга хэмжээ авч чадаагүй Монгол банкны удирдлагуудын нэг тул энэ ажилд томилохгүй, харин ч цуг огцруулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Б.Баяр