
УБЕГ-ыг хамтарсан Засгийн газрын гэрээгээр тэргүүн шадар сайдын мэдэлд өгсөн юм. Тиймийн тул АН-ын дарга Н.Алтанхуяг засгаас гарахаасаа өмнө тус байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгчээр өөрийн хүнийг томилон ажиллуулж байсанд МАН-ынхан мөн л дургүйцэж байсан. АН Засгийн газраас албан ёсоор гарч, тэргүүн шадар сайдын албан тушаал байхгүй болоход УБЕГ-ыг хэн хариуцах вэ гэсэн ширүүхэн маргаан УИХ-ын чуулганы үеэр өрнөсөн билээ. Сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд хамгийн их боломжтой газар тул бие биенийгээ хардаж, тандсаар байж хуучин хариуцаж байсан Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд шилжүүлсэн юм. С.Батболд, Ү.Хүрэлсүх нарын гарын хөдөлгөөнөөр өөрчлөгдөж буй төрийн албан хаагчдын томилгоог эсэргүүцсэн АН-ын удирдах зөвлөл мэдэгдэлдээ “МАН Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах гээд бүтэлгүйтсэнийхээ дараа түүний зөвлөх МАН-ын нарийн бичгийн дарга байсан Л.Амарсанааг УБЕГ-ын удирдлагаар яаран сандран Төрийн албаны хууль зөрчин томилж байгаа нь сонгуулийн штаб болон сонгуулийг будлиантуулах ээлжит оролдлого хийж байна гэж үзэн эрс эсэргүүцэж байна” гэжээ.
Ү.Хүрэлсүхийг тэргүүн шадар сайд болгохгүй гэж УИХ-ын чуулганыг завсарлуулж бойкотлож байсан АН энэ удаад ч дуугүй өнгөрөхгүй бололтой. Ү.Хүрэлсүхээр барьцаалж байж сайд нараа томилсон МАН одоо юугаараа наймаа хийж Л.Амарсанааг авч үлдэх бол?
Б.Баяр