Өнгөрсөн сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хоригдол нас барсан билээ. Тус хоригдол Хууль зүй, дотоод хэргийн яамны барилгын ажлыг гүйцэтгэж байгаад гэмтэн, эмчлэгдэж байхдаа амиа алдсан юм. Тиймээс хоригдлыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны улмаас нас барсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас барилгын засварын ажлыг хариуцаж байсан инженер Н-д Эрүүгийн хуулийн 138 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татсан байна. Тус хоригдол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2 дүгээр зүйлд зааснаар шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн, 22 настай эрэгтэй Б гэгч байжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шалгаж байгаа аж.
Б.Чимэг