Африкийн Кени улсад амьдардаг 91 настай эмэгтэй автын ослоос ёстой азаар амьд үлджээ. Эмгэн АНУ-ын ерөнхийлөгчийн эмэг эх байгаагүй бол энэ мэдээг хэн ч сонирхохгүй байсан биз.

Барак Обамагийн өвөөгийн хоёр дахь эхнэр болох Сара Обама азаар зөвхөн хөнгөн гэмтэл авсан гэж Кенийн эмч нар мэдэгдэв. Машинд түүнээс гадна 4 хүн сууж явжээ. Тэдний хоёр нь ерөнхийлөгчийн эмээгийн бие хамгаалагчид байсан байна. Зорчигчдыг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн ч удалгүй гэрт нь гаргажээ.
-Ёстой бурхан л харж үзлээ. Машин ямар болсныг та нар харсан бол эсэн мэнд өнгөрсөнд маань гайхах биз гэж Сара эмээ сэтгүүлчдэд ярьсан байна. Саратай мах цусны шууд холбоогүй ч АНУ-ын ерөнхийлөгч “Dreams from My Father” номондоо 1988 онд Кенид очихдоо түүнтэй уулзсанаа дурсан “эмээ минь” хэмээн ихэд халуун дотноор бичсэн байдаг билээ.