Өнгөрсөн 1 дүгээр сард Хятадын эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаалд оролцож шархадсан ах дүү хоёр төвд мөрдлөгөөс зугтан ууланд гараад байжээ. Хоёрдугаар сарын 9-нд тэдний нуугдсан газрыг илрүүлсэн цэргүүд хоёуланг нь буудан алсан байна. “Эрх чөлөөт Ази” радиогийн мэдээлснээр, амиа алдагсад нь 40 настай лам Иш Рэгзэл, 38 настай Иш Сандрув нар байжээ.

Оросын буддын шашинтнууд Төвдийн талаарх Хятадынбодлогыг эсэргүүцэж байна.
Ах дүү хоёр 1 дүгээр сарын 23-нд Сычуань мужийн Лухо хошуунд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон юм. Цагдаа нар жагсаалыг цус урсган дарсан бөгөөд тэд шархадсан ч гэсэн мөрдлөг, шийтгэлээс эмээн эмнэлэгт биш ууланд зугтан очжээ.
Хятадын засаг захиргааны төлөөлөгчид төвдүүд “цагдаагийн хэсэг рүү довтолсон тул аргагүй хамгаалалтын улмаас” гал нээсэн гэж цагаан сарын шинийн 1 ба 2-нд болсон явдлыг тайлбарлаж байна. Тайваний мэдээний төв агентлаг Хятадын Сычуань мужийн баруун хэсэг тэр чигээрээ ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан гэж мэдээлэв. Тэр бүс рүү гадны хэнийг ч нэвтрүүлэхгүй бүслэн хаасан бөгөөд холбооны ямар ч хэрэгсэл ажиллахгүй байна. Тус бүс нутаг руу нэвтрэх гэсэн Би Би Си агентлагийн Дэмиан Грамматикасыг цагдаа нар 9 цаг саатуулж, араас нь мөшгин тагнажээ.
-Англи улстай дүйцэх хэмжээний нутаг дэвсгэрийг бүслэн хаагаад байна гэж тэр мэдээлсэн байна.
Хоёрдугаар сарын 8-нд 30 гаруй насны лам Чинхай (Хөх нуур) мужид БНХАУ-ын бодлогыг эсэргүүцэн өөрийгөө галдан шатаалаа гэж Free Tibet байгууллага мөн мэдээлжээ. Төвдийн талаарх бодлогоо өөрчилж, Далай ламыг эргэн ирэх боломжоор хангахыг уриалж хамгийн багадаа 17 хүн өнгөрсөн жил шахмын дотор зулын гол болсон байна.
Төвдийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж дэлхийн буддын шашинтнууд эсэргүүцлийн жагсаал хийж, ном хурж байгаа тухай мэдээ ирсээр байна. Халимагийн Элстэй хотод Төвдийн найз нөхдийн нийгэмлэг буяны ерөөл уншуулж, БНХАУ-ын ЭСЯ-нд эсэргүүцлийн захидал илгээсэн бол Буриадын Улаан Үд, Тувагийн Кызыл хотын дугануудад ном хуржээ.
Видео: Өнгөрсөн намар өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийлсэн гэлэнмаагийн бичлэг.