АН-ын УИХ дахь бүлэг өнөөдөр хуралдаж Таван толгойн ордыг ашиглах тухай 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах талаар саналаа нэгтгэсэн байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар УИХ маргаашийн дотор шийдвэрээ гаргасан ч 2012 оны улсын төсөвт энэ мөнгийг суулгаагүй тул цаг хугацааны хувьд боломжгүй юм байна. Өмнө нь Таван толгойн ордын үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгох 10 хувийг иргэдэд олгох санал гаргасан ч Монгол 999 нэгдэл болон бусад байгууллагууд эсэргүүцэж албан ёсны хүсэлт тавьсан юм. Тиймээс талууд хэлэлцээд аж ахуйн нэгжүүд 10 хувиа авч, харин төрийн мэдэлд байгаа 10 хувийг иргэдэд нэмж олгох нь зүйтэй гэж АН-ынхан үзсэн байна.
Иргэн бүрд очих хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлэгдэх бөгөөд иргэд хувьцаагаа мөнгө хэлбэрээр авахыг хүсвэл Засгийн газарт зарах боломжтой. Харин МАН-ын бүлэг аж ахуйн нэгжүүдэд хувьцаа тараах ёсгүй гэж дээрх саналыг эсэргүүцэж байгаа билээ. УИХ-ын дарга намрын чуулган маргааш завсарлах тул богино хугацаанд зөвшилцөх чиглэл өгсөний дагуу МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдахаар зэхэж байна.