
Учир нь улсын төрийн нууцтай хамааралтай хэрэг тул ийнхүү хаалттай явуулсан юм. Гэвч цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригтын өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн учраас хурлыг энэ сарын 14-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгдэгчдийн өмгөөлөгчид оролцов. Мөн шүүгдэгчдийн ар гэрийнхний төлөөлөл, цагдаагийн хурандаа нарыг яллахыг үл зөвшөөрсөн 50 гаруй иргэд Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа жагссан юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн буруутгаад байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги аж.
Харин тэднийг гэм буруугүй гэж үзвэл Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцно. Учир нь тэрээр МАН-ын гишүүн УИХ-ын чуулганы танхимд МАН-ын гишүүдийг алуурчин хэмээн доромжилсон юм.
Хурлын дараа цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэгтэй уулзлаа.

-Нөхрийг тань яллахаар шүүх хурал боллоо. Энэ талаар юу бодож байна?
-Энэ хэргийг шүүхэд ирэх дээрээ тулна гэж бодсонгүй. Хэрвээ монголд хууль үйлчилдэг бол шүүх шударгаар шийдэх байх. Нөхрөө шүүхийн танхимд оруулчихаад сууж байна. Мэдээж сэтгэл санаа их хэцүү байна. Миний нөхөр хурандаа болтлоо монголын хуулийн байгууллагад зүтгэсэн. Ямар их гавьяа байгуулсаныг монголын төр мэдэж байгаа. Ажлаа хийж явсан нөхрийг маань яагаад буруутгаж байгаа юм. Үнэхээр гомдолтой байна. Үймээн самуун дэгдээгүй байсан бол нөхөр маань ажлаа хийгээд л явж байх байсан.
-Ш.Батсүх хурандааг яг юу гэж буруутгаж байгаа вэ?
-Хамтраад үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгаад байгаа. Цэргийн эсрэг гэмт хэргээр эднийг зүйлчилсэн. Тиймээс би хуулийн хүмүүстэй уулзсан. Нөхөр маань хэрэггүй яах юм гээд л байсан. Гэвч шүүхийн танхимаар орно гэж бодоогүй байх. Би Хүний эрхийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, ХЗДХЯ гээд бүх газарт хандлаа.
-Нөхөр тань хавтаст хэрэгтэйгээ танилцаж дууссан уу?
30-40 хавтаст хэрэг байгаа. Үүнээс 10 гаруйтай нь танилцсан.
Б.Чимэг