
Шинэ гэх нэг ч уран бүтээл хийлгүй жил болсон дуучид гэнэт л тоглолт хийх гээд телевиз, радио, fm-ээр реклам сурталчилгаагаа цацаад эхэлчихсэн байна. Удахгүй болох баярт зориулсан олон тоглолтыг дуучин Л.Банзрагчийн “Ижий таньдаа” тоглолт эхлүүлэх юм. Түүний тоглолт энэ сарын 5, 6-нд бөхийн өргөөнд болно. Энэ өргөөнд үргэлжлүүлэн 7, 8-нд “Үртэй хүн жаргалтай” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болох нь ээ. Харин дуучин С.Жавхлан УБ паласыг сонгож тоглохоор болжээ. Тэрээр энэ сарын 7, 8-ны өдөр тоглох “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоосоо олсон орлогоор 21 аймаг, 6 дүүргийн хамгийн өндөр настай, өрх толгойлсон ээжүүдэд сая төгрөг тараахаар төлөвлөжээ. Хамгийн багадаа 27 ээжид сая төгрөг өгөх юм гэнэ шүү.
Дуучин Э.Оюумаа бас “Амрагхан чамдаа” тоглолтыг энэ сарын 7-нд “АСА” циркт тоглоно. Дуурийн дуучдаас Ардын жүжигчин А.Долгор “Эхийн цагаан суврага” бие даасан тоглолт хийхээр хэдийн Соёлын төв өргөөг түрээсэлсэн гэнэ. Харин “Нюанс” хамтлагийнхан УДБЭТ-таа “Бид ээждээ хайртай” гэх тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Энэ жил 15 нас хүрч байгаа “Sweetymotion” хамтлагийнхан ч 8-нд Тусгаар тогтнолын ордонд “Male star and Unplugged” тоглолтыг хийж үзэгчиддээ баярлуулах юм гэсэн. Монголдоо л хамгийн сайн дуугаралттай гэх Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 7-нд “Хатан аялгуу” гээд нийтийн дуучдын хамтарсан тоглолт болох юм билээ. За нэг иймэрхүү, энэ бол зүгээр наад захын жишээ. Хоёр гурван жилийн өмнө хийгдсэн дуу эсвэл 60, 70 оны кинонуудын дууг засаж дуулсанаас өөр шинэлэг гэх зүйлгүй олон тоглолт энэ сарыг дуустал үргэлжлэхээр харагдаж байна.