УИХ болон Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх тухай МАН,

УИХ болон Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх тухай МАН, АН-ын гишүүд санал зөрж байсан. Харин дөнгөж сая тарсан хоёр намын зөвшилцөх хурал дээр дундын хувилбар гаргажээ. Ямар ч байсан энэ ээлжит бус чуулганы хугацаанд Орон нутгийн сонгуулийг хэзээ, хэрхэн явуулах талаар хэлэлцэж батална гэж санал нэгдсэн байна. Гэсэн ч энэ талаар мэдээлсэн МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин чухам ямар шийдэлд хүрсэн тухай хэлэхийг хүссэнгүй. МАН-ын бүлгийн хурлаар “нууц” саналыг хэлэлцсэний дараа нийтэд мэдээлнэ гэлээ. МАН-ын хувьд өмнө нь хоёр сонгуулийг зэрэг явуулахыг эрс эсэргүүцэж байгаа гэдгээ хэлж байсан. Мөн Орон нутгийн сонгуулийг хэзээ гэдгээс илүү хэрхэн явуулах вэ, санал тоолох машин, хэсгийн хороодыг яаж зохион байгуулах нь чухал гэж тэрбээр хэлсэн юм. 16 цагаас МАН-ын бүлэг дээрх “нууц” саналыг хэлэлцэх тул өнөөдөр УИХ-ын чуулган мөн л хуралдаж амжихгүйд хүрч байна. Ээлжит бус чуулганы хугацаа маргааш дуусна.