
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хууль сурталчлах болон олон нийттэй харилцах албанаас өнгөрсөн жил нэгэн уриалга гаргаж байлаа. Тодруулбал, /2024.11.26/-ны өдөр Улс тунхагласны баярыг тохиолдуулж айл өрхүүд битүү шөл хийж уухыг уриалсан юм.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хууль сурталчлах болон олон нийттэй харилцах албаны асуудал хариуцсан дэд дарга Э.Лхагвын гарын үсэгтэй албан бичигт “Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдөр айл бүрийг “Битүү шөл” –өөр зоог барихыг уриалж, энэхүү санаачлагыг ерөнхий боловсролын бүх шатны сургуулиудад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүссэн" нь олны хэл амны бай болж байв.
Ямартай ч уриалга бол уриалга. Дагах эсэх нь эрх чөлөөт нийгэмд тухайн хүний л сонголт байх нь мэдээж юм. Ханиад томууны улирал эхэлсэн энэ үед бөхөө үзэнгээ битүү шөл уун дархлаагаа дэмжиж болох шүү дээ. Иймд, бид та бүхэнд битүү шөл хийж уух жорыг хүргэж байна.
Гурван хүний порцонд дараах зүйлс орно.
ОРЦ:
200-250 грамм орчим мах. Хэмжээг өөрсдөө тааруулаад хийж болно. Хонь, үхэр аль нь ч болно.
лууван-нэг ширхэг
төмс-нэг ширхэг
сонгино-нэг ширхэг
сармис-гурван хумс
өндөг-гурван ширхэг
ногоон сонгино-бага зэрэг
давс
Хүссэн бүх ногоо болон амтлагчуудаа хийж болно.
ус-100 орчим грамм (харж байгаад тааруулна)
гурил-1-1.5 аяга
ХИЙХ АРГА:
1. Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хуваан хийнэ.
2. Төмс, луувангаа үрэгчээр үрж, мөн гурав хувааж хийнэ.
3. Сонгино, сармисаа жижиг жижиг хэрчин, мөн гурав хувааж аягандаа хийнэ.
4. Бусад хүссэн ногоогоо мөн жижиг хэрчин хийнэ.
5. Ингээд давсаа хийж мах ногоотойгоо холино.
6. Усаа тааруулж хийнэ. Хэтэрхий дүүргэж болохгүй.
7. Үүн дээрээ өндгөө нэмнэ.
8. Гурилаа зуурч аягаа бүтээхүйц хэмжээтэй элдэнэ. Гурил нь бага зэрэг зузаан байсан ч болно.
9. Ингээд аягатай шанзан дээрээ гурилаа бүтээж, амсруудыг нь сайтар аягандаа наалдуулж өгнө.
10. Ингээд жигнүүр дээрээ тавиад 25-30 минут жигнэнэ.
11. Гаргаад идэхдээ гурилан дээрээ бага зэрэг цөцгий, эсвэл майонез түрхээд идвэл илүү амттай байх болно.
Л.Баяр





















































Сэтгэгдэл (30)