Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-д хийлээ. 2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан.
2 хүн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байгаагаас эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан, гэр бүл болон бусад ойрын хавьтал 55 хүн байна.
Эдгээр бүх нэгдүгээр хавьтлаас шинжилгээ авахад 22 хүний шинжилгээ эерэг гарснаас 2 хүн нь шинж тэмдэг илэрч, нян судлалын шинжилгээгээр батлагдаад байна. Үлдсэн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн, хяналтад байна.